Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone-ийг бодит гартай болгох бүтээгдэхүүн зах зээлд гарахад бэлэн болжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Clicks Technology компани Clicks creator keyboard нэртэй бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад бэлэн болжээ.

Энэ нь iPhone ухаалаг гар утсыг бүрэн товчлуураас бүрдсэн бодит гартай болгох шийдэл юм.

Ингэснээр виртуал гаранд зориулсан дэлгэцийн хэсгийг контент, аппликэйшнүүдэд ашиглах боломжтой болж байгааг Clicks онцолжээ.

Мөн алдаагүй, илүү хурдтай бичихэд энэ бүтээгдэхүүн туслах юм байна.

Үүнээс гадна шинэ гаранд нэмэлт функц бүхий товчнууд багтсан нь iOS системийн боломжийг өргөтгөж байгааг онцолжээ.

“Бид өдөр бүр ширээний болон зөөврийн компьютер, таблет дээр физик гар ашигладаг мөртлөө ухаалаг гар утсан дээр үүнийг хаясан нь хачирхалтай. Бодит гар нь хүмүүст товших мэдрэмж, нарийвчлалыг авчирдаг. Ийм сэтгэл ханамжийг мэдрэхийн тулд заавал ширээний ард суух цагийг хүлээх шаардлагагүй болж байна” гэж Clicks Technology компанийн үүсгэн байгуулагч Майкл Фишер ярьжээ.

Тус компанийг Apple, Blackberry, Google зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд хамтран байгуулсан юм байна.

Өнөөдөр виртуал гар нь iPhone-ий дэлгэцийн бараг тал хэсгийг эзэлдэг. Тиймээс Clicks компанийн бүтээгдэхүүнийг ашигласнаар дэлгэцийн хэрэглээг хоёр дахин нэмэгдүүлэх юм байна.

Clicks гар нь iPhone гар утастай Lightning (iPhone 14 Pro), USB-C (iPhone 15, 15 Pro Max) портуудаар холбогддог тул батарейн цэнэгээс хэрэглэхгүй, Bluetooth холболт ашиглахгүй, цэнэглэхэд саад болохгүй гэнэ.

Шинэ бүтээгдэхүүнийг хоёрдугаар сарын 1-нээс $139-ийн үнээр clicks.tech сайтаар худалдаалж эхлэх юм байна.