Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчуудын галт зэвсэг эзэмших эрхийг хамгаалдаг нөлөө бүхий байгууллагын тэргүүн огцорлоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын иргэдийн галт зэвсэг эзэмших эрхийг хамгаалдаг лобби байгууллага NRA (National Rifle Association) холбооны гүйцэтгэх захирал өчигдөр албан тушаалаасаа огцорч буйг зарлажээ.

74 настай Уэйн Лапьер 30 гаруй жил хашсан албан тушаалаа нэгдүгээр сарын 31-нээр тасалбар болгон залгамжлагчдаа шилжүүлэхээр болсон байна.

“Би насанд хүрсэн амьдралынхаа ихэнх хугацаанд энэ байгууллагын идэвхтэй гишүүн байсан бөгөөд NRA холбооны төлөө болон үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтийн дагуу олгогдсон эрхийг хамгаалахын төлөө тэмцлээ хэзээ ч зогсоохгүй” гэж Лапьер мэдэгджээ.

Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа тайлбарласан байна.

Даваа гарагт Нью-Йорк хотод NRA холбооны удирдлагуудын өмч хөрөнгө завшсан хэргийг шүүх хурал эхлэх гэж байгаа юм.

Нью-Йорк мужийн ерөнхий прокурор Летита Жэймсийн 2020 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлд тэднийг мужийн ашгийн бус байгууллагын хуулийг зөрчиж, холбооны олон саяын хөрөнгийг хувийн тансаг хэрэгцээнд зарцуулсан гэж буруутгасан байна.

Лапьерээс гадна Уилсон Филипс, Жошуа Пауэл, Жон Фрэйзер зэрэг NRA холбооны удирдлагууд уг хэрэгт холбогдоод байгаа.

Зөвхөн нэг баримтаар Бахамын арлуудад найман удаа хувийн онгоцоор зорчихдоо Лапьер холбооны $500,000-ын хөрөнгийг үрсэн байна.

Зургаан шүүгчтэй шүүх хурал зургаан долоо хоног үргэлжилж шийдвэрээ гаргахаар төлөвлөжээ.

NRA холбооны удирдлагууд шүүхийн нэхэмжлэлийг “үндэслэлгүй, зохион байгуулалттай явуулга” гэж үзэж байгаа.

Бүх төрлийн галт зэвсгийн хэрэглээг дэмжиж, энэ зорилгоор эрх баригчдыг лобиддог NRA бол АНУ-ын хамгийн хүч, нөлөө бүхий улс төрийн байгууллагуудын нэг юм.

Тэд АНУ-ыг болон тус улсын иргэдийг аюулаас хамгаалахад төрөл бүрийн галт зэвсэг гол үүрэгтэй гэж үздэг.

АНУ-ын үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтөөр америкчуудын зэвсэг эзэмших эрх баталгаажсан байдаг юм.

NRA нь уг эрхийг хамгаалдаг АНУ-ын улс төрчдийг шууд санхүүжүүлдэг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд уг холбооны гишүүдийн тоо буурч байгаа. 2016-2020 оны хооронд тус холбооны гишүүдийн татвараас бүрддэг орлогын хэмжээ 23 хувиар буурсныг CBS суваг 2022 онд мэдээлж байв.

2018 оны байдлаар NRA зургаан сая гишүүнтэй байжээ. Үүнээс гурван жилийн дараа Лапьер гишүүдийнх нь тоо 4.9 сая орчимд хүрснийг ярьж байсан юм.

Галт зэвсгийн хамгийн хүчтэй лоббичдын нэг гэгддэг Лапьер 1991 оноос хойш NRA холбоог тэргүүлж байна.

 

Эх сурвалж: BBC