2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж эхэлсэн бөгөөд зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа/15 хоногт/ төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлөгдөх болсон талаар өнөөдөр мэдээлсэн билээ.
Мөн жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хувь хүртэл нэмэгдүүлнэ. Торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлсэн шийтгэлийг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэхээр болсон юм.
Үүнтэй холбогдуулан торгуулийн хэмжээг хэр хугацаанд 50% хүртэл нэмэгдүүлэх талаар Тээврийн цагдаагийн албаны Зөрчил шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Чинзоригоос тодруулахад "Хууль хэрэгжиж эхэлснээс хойш торгуулиа төлөөгүй бол 50% хүртэл нэмэгдүүлнэ.
Гэхдээ хэр хугацааны дараа төлөөгүй торгуулийг 50% хүртэл нэмэгдүүлэх вэ гэх Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Улсын ерөнхий прокурорын хамтарсан хугацаа тооцох аргачлал гарна. Тэр аргачлал батлагдсанаар төлөөгүй торгуулийг хэр хугацаанд нэмэгдүүлэх вэ гэдэг нь тодорхой болох юм.
Одоогоор аргачлалаа Хууль зүй, дотоод хэргийн яам дээр боловсруулж байна. Аргачлал батлах үеэрээ олон нийтэд мэдээлэх болно. Торгуулийг 50%-аар нэмэгдүүлэх аргачлал smartcar.mn дээр программчлагдаагүй байгаа" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!