Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаад болон дотоодын банкнаас $325.8 саяыг босгож, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг дуусгасан" гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нүүрсний өнөөдрийн сонсголын үеэр Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийн хүрээнд байгуулсан "Нүүрс нийлүүлэх гэрээ"-ний талаар мэдээллийг сонсов. 

Тус төсөлтэй холбогдуулан "Бодь интернешнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Баясгалангаас Хянан шалгах түр хорооны гишүүд асуулт асуув. 

"Бодь интернешнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Бид нарт 30 сарын дотор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дуусгах хатуу шаардлага, даалгаврыг Засгийн газраас өгсөн. 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр төмөр замын бүтээн байгуулалтыг эхэлснээс хойш 17 хоногийн дараа Монгол Улсын хил бүрэн хаагдаж, нүүрсээ гаргаж чадахаа больсон. 

Тэгэхээр олон компанийг зургаан багц ажилд сонгон шалгаруулахдаа ажлын гүйцэтгэл санхүүгийн чадавх, туршлага, ажлаа гүйцэтгэх ур чадварыг харж сонгоно. Тухайн компаниудын улс төрийн үзэл бодол, эзнийх нь намын харьяалал, шашин гарал үүслийг харахгүй. 

зураг
 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Гадаадаас хөрөнгө татсан уу гэдэг асуултдаа хариулъя. 

"Бодь интернешнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: 2020-2021 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК бүтэн зогссон. Монгол Улс ч санхүүжилтгүй болсон. Тэгэхээр энэ хооронд бид ч гэсэн санхүүжилтгүй болсон. Тиймээс гэрээнд заасан үүргийнхээ дагуу манай компани нүүрс худалдан авагч нар болон гадаадын банк санхүүгийн байгууллага, дотоодын банк санхүүгийн байгууллагуудаас нийлүүлээд нийт дүнгээр 325.8 сая ам.долларыг босгож, энэ төмөр замын төслийг дуусгасан. Сардаа дунджаар 173.6 сая ам.долларын санхүүжүүлэлтийг энэ төсөлд зориулж өөрсдөө гаргаж байсан. Зөвхөн 2021 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас 72 сая ам.долларын санхүүжилтийг авсан. 

Монгол Улс ч гэсэн мөнгөгүй болоод нүүрсний худалдан авагч нараас урьдчилан мөнгө авч байсан. Ганц модоор нэг ч тонн нүүрс гарахаа больсон. Та нар бүгд мэдэж байгаа. Энэ бол бодит түүх шүү. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 325.8 сая ам.долларыг хэдэн өдрийн байдлаар гадаадаас татсан бэ? 

 "Бодь интернешнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Бид нар энэ төслийг эхэлсэн өдрөөс авхуулаад дуусах хүртэл гадаадаас санхүүжилт авч байсан. Үүний өдөр судрыг сайн санахгүй байна. 2021 оны 5,6 дугаар сар гэж санаж байна. 

Энэ үеэр П.Баясгалан захирлын гадаадаас мөнгө татсан талаарх өмнөх яриаг сонсгов.  Тус яриандаа 200 гаруй сая ам.долларыг гадаадын банк, компаниас босгосон гэв. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ бол таны 2023 оны эхээр өгсөн яриа байгаа. Та энэ оны эхээр буюу хэдхэн сарын өмнө 200 сая ам.доллар босгосон гэж байна. 120 сая ам.доллар хэзээ нэмэгдсэн бэ? 

"Бодь интернешнл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Саяны хэвлэлийн хурлыг би өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн. Энэ бол хэвлэлийн бага хурал учраас 200 орчим сая ам.доллар гэж ярьсан.

Нийтдээ Хятадын хөдөө аж ахуйн банкнаас 143 сая ам.доллар, Bank of China-аас 55.5 сая ам.доллар, Bank of communication-аас 37 сая ам.доллар, OCBC Сингапурын банкнаас 26 сая ам.доллар, Хятадын ЭКСИМ банкнаас 12 сая ам.доллар, ICBC-ээс 11 сая ам.доллар авсан. Энэ бүхэн нийлэхээр 285 сая ам.доллар болж байна. Тэгэхээр дотоодын банкнаас 60 гаруй сая ам.долларын авсан. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/384327990701199