Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: "Бодь интернэшнл" нь төмөр замын төсөлд гаднаас хөрөнгө босгож зарцуулсан эсэх нь тодорхойгүй

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хүрээнд өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэлтэй танилцаж байна. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэлэлцэхэд гэрчээр Бодь группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан ирсэн бол Бодь интернэшнл компанийн Гүйцэтгэх захирал А.Амундра ирсэнгүй.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаарх шинжээчийн дүгнэлтэд "Тавантолгой төмөр зам" ХХК, "Бодь интернэшнл" ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлэх, төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойлох зорилгоор 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр санамж бичиг байгуулсан байна гэв.

Мөн шинжээч "Засгийн газрын 2019 оны долдугаар 24-ний өдрийн 304 дүгээр тогтоолоор "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хувьцааны 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д, 34 хувийг "Монголын төмөр зам" ТӨХК-д эзэмшүүлж, төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгож, барилгын ажлыг 2019 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлж, 2021 онд ашиглалтад оруулахыг ЗТХ-ийн сайд, УУХҮ-ийн сайд нарт үүрэг болгожээ.

Улмаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн 2019 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хурлаар Ерөнхий гүйцэтгэгч сонгосон талаар Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал танилцуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийн ЕРС гэрээг ТЭЗҮ /АЕСОМ/-Д заасан дүнгээр "Бодь интернэшнл" ХХК-тай хэлцэл хийж, гэрээ байгуулахыг ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.

ТУЗ-ийн 2019 оны 16 дугаар тогтоолд Ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах зөвшөөрч, ТЭЗҮ-ийн дүнгээс давсан зайлшгүй шаардлагатай нэмэлт ажлын гэрээг тодотгосон ТЭЗҮ-ээр тодорхойлсон дүнгээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар байгуулж ажиллахыг зөвшөөрчээ.

зураг
 
"Бодь интернэшнл" ХХК нь төмөр замын бүтээн байгуулалтад гаднаас хөрөнгө босгож зарцуулсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд Тавантолгой төмөр зам ХХК-аас шилжүүлсэн 286.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр, нүүрс борлуулалтын орлогоос тус төслийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн байх магадлалтай.

"Тавантолгой төмөр зам" ХХК нь "Бодь интернэшнл" ХХК-аас 2019 оны аравдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэх №58-д 107,172,251 ам.доллар буюу 2019 оны есдүгээр сарын 9-ний өдрийн Монголбанкны албан ханш болох 2,671.57 төгрөгөөр тооцож 286,318,170,604 төгрөг гэж тусгасан урьдчилгааг 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Бодь интернэшнл" ХХК-ийн төслийн санхүүжилтийн гэрээнд 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөд дээрх гадаад валютын ханшийн зөрүүний алдагдал 1.2 сая ам.долларыг "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсээр төлж барагдуулахыг талууд зөвшөөрсөн байна.

Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой төмөр зам" ХХК дотоодын хуулийн этгээд болох "Бодь интернэшнл" ХХК-тай гэрээ байгуулахдаа гадаад валютын ханшийн эрсдэлийг зохистой удирдаж чадаагүйг харуулж байна" гэлээ. 

зураг
 

Талууд ТЭЗҮ-ийн тодотголд үндэслэн ажлын дүнг 213.4 сая ам.доллароор нэмэгдүүлж, нийт 1 тэрбум ам.доллар болгох нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2020 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан" хэмээв.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/384327990701199