Хувийн автомашинтай иргэдэд такси үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрөх төлөвлөгөөг Японы засгийн газар эцэслэн баталсан тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Энэ нь Япон даяар үүсээд буй таксины жолоочийн дутагдлыг шийдвэрлэх нэг арга хэмжээ юм байна.
Хувийн автомашинтай иргэд сургалтад сууж, аль нэг такси компанитай гэрээ байгуулснаар үйлчилгээ үзүүлэх боломжтой болох ажээ.
Гэхдээ ийм жолооч нар албан ёсны такси жолоодох эрхгүй байх гэнэ.
Коронавирусийн цар тахлын дараа эдийн засаг идэвхжиж, аялал жуулчлал сэргэсэн нь такси үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлсэн юм. Гэвч таксины мэргэжлийн жолоочийн хомсдол үүсээд байгаа.
Японы ихэнх такси компани мэргэжлийн бус хүн ажиллуулдаггүй тул засгийн газрын төлөвлөгөө хэрэгжсэн ч үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй байна.
Шинэ журмын дагуу тухайн компанийн үйлчилгээндээ ашигладаг хувийн автомашины тоо албан ёсны таксины тооноос нь давах ёсгүй юм.
Журмыг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар ирэх долоо хоногийн Мягмар гарагт болох засгийн газрын зохицуулах агентлагийн хурлаар шийдвэрлэх юм байна.
Японы засгийн газар Uber хэлбэрийн такси дуудлагын үйлчилгээг хориглосон хэвээр байгаа юм. Ийм үйлчилгээг зөвшөөрөх эсэх асуудлаар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны зургаадугаар сарын орчимд эцэслэн шийдвэрлэх зорилготой ажиллаж байна.
Ерөнхий сайд асан Ёшихиде Сүга, дижитал сайд Таро Коно зэрэг хүмүүс Uber хэлбэрийн үйлчилгээний хоригийг цуцлах байр суурьтай байгаа ажээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!