Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн сурах үйлд эцэг эхийн дэмжлэг чухал!

ikon.mn
2023 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Өдөр бүр яагаад, яагаад? гэж асуух хүүхдийнхээ сониуч зан, аливааг мэдэх хүсэл эрмэлзэл, өөрийн биеэр туршиж үзэх гэсэн оролдлогыг та дэмжиж чаддаг уу? Тэдний дуусдаггүй их “яагаад” нь сурч мэдэх хүслийг нь тэтгэх хүч, оюуны хөгжлийн суурь нь болдог тул тэднийг сонсоогүй мэт өнгөрүүлж, дараа гэж хойшлуулах, аль эсвэл эвтэйхэн зальдаж орхих нь тустай үйл биш ээ. Бага насны хүүхэд, ялангуяа сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдын бие даан суралцах чадвар сул тул томчуудын дэмжлэг тэдэнд юу юунаас илүү чухал.

Харин томчуудын хувьд  хүүхдийнхээ хичээлийг давтуулах нь халгаж зугтмаар, халширч суумаар хэцүүхэн сорилт болох нь бий. Тэгвэл энэ хэцүүхэн сорилтыг хялбарчлах аргууд бий. Танд туслах дараах аргуудаас туршиж үзэхийг зөвлөе.

1. ТАЙЛБАРЛААРАЙ! Тэдний асуултад, дуусдаггүй “яагаад”-ад төвөгшөөлгүй, хариулаарай.  Хэрэв тэд таны мэдэхгүй зүйлийг асуувал “Хамтдаа мэдэж авцгаая!” гээд бяцхан судалгаа хийж, хариултыг олж болох юм.

2. ТОГЛООРОЙ! буюу тоглоомын аргыг ашиглаарай.  Жишээлбэл: Та өөрөө сурагч болоод хүүхдээ багшийн дүрд тоглуулж, сурсан зүйлээ зааж өгөхийг хүсэж болох юм. Ингэх нь хүүхдэд сурснаа бататгах, мэдээллээ эргэн санаж ой санамжаа бэхжүүлэхэд нь тусална.

3. ТУРШААРАЙ! Туршилт нь хүүхдийн харах, сонсох, хүрэх, амтлах, үнэрлэх мэдрэхүйг зэрэг хөгжүүлж, бүтээлч байдлыг нь нэмэгдүүлдэг.  Хүүхэд туршиж мэдсэн зүйлээ насан туршийн мэдлэгээ болгох нь бий.

Эдгээрээс гадна, танд бодит тусламж болж чадах “Цахим аялал” интерактив хичээлийг санал болгож байна. Хүүхэлдэйн кино үзэж, сонирхолтой тоглоом тоглож сурсан мэдсэнээ бататгах боломжтой “Цахим аялал” интерактив хичээл нь  хүүхдийн хичээл сургалтдаа оролцох оролцоог нэмэгдүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулан бие даан суралцах чадварыг хөгжүүлдэг.

Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Цахим аялал” төслийг хэрэгжүүлж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сурагчдад зориулан 180 гаруй интерактив хичээлийг бүтээн, medle.mn дээр байршуулсан. Хичээл бүрийн агуулгыг боловсролын ерөнхий газрын багш, аргазүйчид боловсруулсан тул сургууль цэцэрлэгийн хичээлтэй нягт уялдаа холбоотой. Хичээлүүдийг монгол, казах, тува, дохионы хэлээр үзэх боломжтой. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулан хөрвүүлсэн. Эдгээр хичээлийг Medle.mn сайтын Интерактив хичээл цэсээс хаанаас, хэзээ ч үнэ төлбөргүй үзэж, суралцаж болно.

“Цахим аялал” интерактив хичээлтэй илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 

“Цахим аялал” интерактив хичээл нь тэр чигтээ сурсан мэдсэнээ бататгах, турших, тоглох боломжийг хүүхдэд олгодог ч тэр дундаас “Аюулгүй цахилгаан” хичээлийг онцолж байна.

“Аюулгүй цахилгаан” интерактив хичээлийг ЭНД дарж үзнэ үү.

 

Нүдэнд харагдахгүй, хүний биед аюул учруулдаггүй аюулгүй цахилгааны тусламжтайгаар хийж болох сонирхолтой туршилтуудыг эндээс сурч болно.

Аав ээжтэйгээ хамт туршилт хийн, юмс үзэгдэлд гарч байгаа өөрчлөлтүүдийг ажиглах нь хүүхдэд тань хөгжилтэй, сонирхолтой байх нь гарцаагүй ээ. Амралтынхаа өдрүүдээр хүүхдэдээ зориуд чанартай цаг  гаргаж, тасралтгүй үргэлжлэх сурах үйлийг нь дэмжицгээе.

 

Сэтгүүлч: Б.Мөнгөншүүдэр