Ц.Уртнасан, Н.Мягмар нарыг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.29/ хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Ц.Уртнасан, Н.Мягмар нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж, Байнгын хороонд ирүүлсэн бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар “Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” 06 дугаар тогтоолыг баталж, 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар тов тогтоож, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Болдын Жавхланг томилсон.
Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг УИХ-ын цахим хуудас буюу parliament.mn-т байршуулж, сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудас бүхий зарыг Улсын Их Хурлын цахим хуудсанд 14 хоногийн хугацаанд байршуулсан хэмээгээд, 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт Төрийн байгуулалтын байнгын нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсныг тодотгов.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана.” гэж заасны дагуу 2026 оны зургаадугаар сарын 26-ний өдөр сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргажээ.
Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигч Ц.Уртнасан, Н.Мягмар нарыг ажлын хэсгийн тайлан, ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.2 дахь хэсэгт “Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна” гэж, мөн 21.5.2 дахь заалтад Үндэсний зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурал долоон хүнийг нэр дэвшүүлэхээр тус тус заасан бөгөөд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд тусгасан. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тов тогтоосон боловч гишүүдийн ирц хүрээгүй тул зохион байгуулагдаагүй. Иймд товыг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулсан хэмээн Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.
Тогтоолын төсөлд Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн С.Зулпхарыг сонгохоор тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
