ҮЙЛ ЯВДАЛ: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлав
Гадаад Харилцааны Яаманд
10:00 цагт Тус яамны зөвшилцлийн танхимд Ерөнхий сайд Н.Учрал, гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзана. Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болно.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны байранд
11:00 цагт Эрчим хүчний салбарт маргаашаас эхлэн улс орон даяар ажил хаялт эхлэх талаар хэвлэлийн хурал зарлаж, мэдээлнэ.
Эрчим хүчний салбарт зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас ажил хаялт эхлэхэд бэлэн болсон талаар Эрчим хүчний яаманд мэдэгдэл хүргүүлж, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ажил хаялтыг зохион байгуулах Түр хорооны гишүүд Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хүсэлтийн дагуу яаман дээр очиж уулзалт хийсэн. Гэвч цалинг 10 хувиар нэмэгдүүлэх сайдын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир Ажил хаялтыг товлосон өдөр, цагтаа улс орон даяар эхлүүлэх талаар мэдээлэл өгнө.
Налайх дүүрэгт
11:00 цагт Налайх дүүргийн дулааны цахилгаан станцын төслийн нээлт болно.
Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т
11:00 цагт Нийслэлийн хэмжээнд мал, амьтны халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн талаар нэгдсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагууд хамтран хүргэнэ.
Сүхбаатарын талбайд
11:00 цагт Засгийн газраас дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэл, салбарын бүтээмж болон цахим шилжилт, бодлого, үйл ажиллагааг сурталчлах, төсөл, хөтөлбөр, үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх, санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг энэ сарын 29, 30-нд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон түүний харьяа агентлаг, байгууллагууд оролцож, тус бүрийн эрхлэх асуудлын хүрээнд мэдээлэл зөвлөгөө өгч, үйлчилгээг хүргэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
