ФОТО: Гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны зургаан гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Гадаад харилцааны яаманд өнөөдөр /2026.06.29/ зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанд 120 гаруй гадна болон дотоодын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид оролцож байгаа юм. Энэ үеэр гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүд зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурлаа.
1. "Монголын хөрөнгийн бирж" ХК Сингапурын 65 тэрбум долларын хөрөнгийн удирдлагатай "Phillip Capital" хөрөнгө оруулалтын сантай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн “Phillip Capital” группийн нэг хэсэг болох “Phillip Capital Management (S) Ltd” хөрөнгө оруулалтын сан нь Монгол Улсад салбар нээх хүсэлтээ Ерөнхий сайд Н.Учралд өгөв.
Тус компани нь үнэт цаасны брокер, валютын арилжаа, түүхий эд, сангийн менежмент, хувийн хөрөнгө оруулалт, судалгаа корпорацын санхүү болон бусад олон улсын зах зээлүүдийг хамарсан өргөн санхүүгийн үйлчилгээний сүлжээг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. 1975 онд Сингапурт байгуулагдсан "Phillip Capital" нь 15 улсад үйл ажиллагаа явуулж, 1.5 сая гаруй харилцагчтай олон улсын санхүүгийн групп юм.
2. "Ард Санхүүгийн Групп" ХК болон "Kuai Kuai Belt and Road Holdings PTE" ХХК-ийн хооронд санхүүгийн үйлчилгээний гэрээ байгуулжээ. Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, зээл авах боломж бололцоог өсгөн нэмэгдүүлэх зорилготой аж.
3. "Макс групп" нь Сингапурт төвтэй "WisdomWin Energy" ХХК-тай дотоодын эрчим хүчний төслүүд дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү түншлэл нь эдгээр төслүүдийг олон улсын шилдэг туршлага, дэвшилтэт технологи, хариуцлагатай дэд бүтцийн хөгжлийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм.
4. "Ньюком Проперти" ХХК нь Хятадын Бээжингийн "Чайнагаз Сенкрейт Технологи" ХХК-тай дэвшилтэт халаалтын технологи болон үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн төслүүдэд хамтран хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
5. “Эдийн засгийн хөгжлийн төв” УТҮГ “Монголын шинэ эдийн засгийн форум” НҮТББ нар Монгол Улсыг олон улсад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэх, хөрөнгө оруулагчдын уулзалт, арга хэмжээг хамтран зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
6. Улаанбаатар хотын худалдааны танхим БНХАУ-ын Шэньжэнь хотын худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр зах зээлийн болон хөрөнгө оруулалтын боломжийг хоёр талаас өсгөж нэмэгдүүлэх ач холбогдолтой.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
