Украины агаарын цохилт үргэлжилж, Путин улс орон нь “хүнд цаг үе”-ийг туулж байгааг хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Оросын нутаг дэвсгэрийн гүнд явуулж буй Украины нисгэгчгүй онгоцны довтолгоо үргэлжилсээр байна.

“Бидний алсын зайн хориг арга хэмжээ Оросын хоёр газрын тос боловсруулах үйлдвэрт хүрлээ. Ийм ажиллагаа бүр нь Оросын дайны машиныг ажиллуулдаг түлшийг бууруулж, энх тайванд хүрэх чиглэлд алхам нэмж байгаа юм” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр буюу Ням гарагт мэдээлжээ.

Ням гарагийн шөнө Оросын өмнөд бүсийн Краснодар мужийн Славянск-на-Кубани хотын газрын тос боловсруулах үйлдвэр, баруун бүсийн Ярославль мужид оршдог газрын тос боловсруулах үйлдвэр тус бүр дроны цохилтод өртсөн юм байна.

Славянскийн үйлдвэр нь Оросын өмнөд хэсгийн томоохон үйлдвэрүүдийн нэг бөгөөд жилд 4 сая орчим тонн түүхий газрын тос боловсруулдаг. Энэ нь бас Хар тэнгисийн боомтуудаар дамжуулан экспортолдог газрын тосны бүтээгдэхүүний гол эх үүсвэр болдог байна.

Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьев уг цохилтын улмаас үйлдвэрт гал гарч, нэг хүн амиа алдсаныг мэдээлжээ.

Харин Ярославльд юу болсон талаар Оросын эрх баригчид тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Орон нутгийн захирагч Михаил Евраев нийслэл Москва болон Ярославль хотыг холбодог зарим замыг түр хугацаагаар хааж байгааг Ням гарагийн өглөө мэдээлжээ.

Үүнээс гадна тус мужийн нисэх онгоцны буудлууд түр хугацаагаар хаагдсан тухай иргэний нислэгийн агентлаг мэдээлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орон нь “хүнд хэцүү цаг үеийг туулж байгааг” өчигдөр анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Гэхдээ тэр иргэдийнхээ өмнө хүлээсэн нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлэхийг амласан байна.

“Мэдээж, бид одоогийн нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөгөөгөө засварлан өөрчилж байгаа ч стратегийн ач холбогдолтой дотоодын хөгжлийн хөтөлбөрүүдээ бүрэн хэрэгжүүлэх нь эргэлзээгүй. Бид орон сууц, зам барих, шинэ, орчин үеийн, өндөр цалинтай ажлын байрууд бий болгох, бизнесийг дэмжих ажлуудаа үргэлжлүүлэх болно. Бид хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа ч энэ нь бидэнд маш их зүйлийг зааж, Оросын иргэн байхын мөн чанарыг ойлгуулж байна” гэж тэр Нэгдсэн Орос намынхаа бага хурлын үеэр хэлжээ.

Оросын засгийн газрын шадар сайд Александр Новак бас дотоодын хэрэгцээгээ хомсдолоос сэргийлэхийн тулд шатахууны экспортын гэрээнүүдээ яаралтай эргэн нягталж байгааг мэдэгдсэн байна.

Украины агаарын цохилттой холбоотойгоор Орос даяар бензин шатахууны ноцтой хомсдол үүсээд байгаа.

Тухайлбал Украины хилээс хэдэн мянган километрийн зайд оршдог Иркутск мужид бензин шатахууны хязгаарлалт нэвтрүүлж байгааг тус мужийн захирагч Игорь Кобзев өчигдөр мэдэгджээ.

Тус муж дахь Роснефтийн бүх түгээх станц нэг автомашинд 50 литрээс илүү бензин өгөхгүй болж байгаа юм байна. Бусад түгээх станцууд үүнээс бага хязгаар тогтоож болзошгүйг Кобзев мэдэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press