ФОТО: ДАШТ-ий хасагдах шатанд анх удаа шалгарсан канадчууд шөвгийн 16-д үлдсэн эхний баг боллоо
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шигшээ 32-ын эхний тоглолт хасагдах шатанд анх удаа шалгарч буй Канад, Өмнөд Африкийн хооронд боллоо.
Лос-Анжелес хотод болсон уг тоглолтод орсон цор ганц гоолыг сэлгээнээс талбайд гарсан Стивен Эуштакиу оруулсан юм. Шүүгчийн мэдлийн 90+2 дахь минутад түүний цохисон бөмбөг хаалганы баруун доод буланд орсноор 29 настай канад залуу уг тоглолтын баатар болов.
С.Эуштакиу Португалын "Порто" багт албан ёсоор данстай ч "Лос Анжелес ФС" багт зээлээр тоглодог. Өөрөөр хэлбэл суугуул нутгийнхаа цэнгэлдэхэд тоглосон юм. Канадын шигшээ багийн дэд ахлагчийн үүрэгтэй түүний ачаар хоккейн эх орныхон хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа хасагдах шатанд шалгараад эхний хожлоо байгууллаа.
Ингэснээр Канадын шигшээ баг шөвгийн 16-д Нидерланд, Мароккогийн хожсонтой нь өрсөлдөхөөр болов. Шөвгийн 32-ын сонирхолтой тоглолтын нэгээр нэрлэгдэж байгаа тэдний тоглолт маргааш буюу энэ сарын 30-ны Мягмар гарагт 09:00 цагаас болно.
Харин шөвгийн 16-гийн тоглолт ирэх долдугаар сарын 5-ны Ням гарагт 01:00 цагт явагдах хуваарьтай.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
