Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

А.Мөрөн: Роналдиньод дурлаж явлаа

Д.Жавхлан
2014 оны 1 сарын 6
Зууны мэдээ
Монголын хөлбөмбөгийн шигшээ
багийн довтлогч А.Мөрөн

Хөлбөмбөгчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл нь мэргэжлийн багт тоглох явдал. Тэгвэл Ази тивд дээгүүр байр эзэлдэг Тайландын хөлбөмбөгийн “Кrabi FC” багт Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин А.Мөрөн хүчин зүтгэх боллоо.

Энэ тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Ярилцлагынхаа эхэнд хөлбөмбөгийн мэргэжлийн “Кrabi FC” багт орсон таны сэтгэгдлээс хуваалцъя?

-Би Тайландын хөлбөмбөгийн мэргэжлийн багт орохын тулд хоёр жилийн өмнөөс тус багийн цахим хаяг руу өөрийн тоглолтын талаарх бүх бичлэгийг явуулсан. Хөлбөмбөгийн мэргэжлийн багийн менежерүүд багтаа авах залуу тоглогчдод хурд, хүч, техникээс гадна тактикийн талаарх мэдлэг ямар төвшинд байна вэ гэдгийг харгалздаг.

Би эхний шалгаруулалтад Тайландын хоёрдугаар дивизионы “Райн сити” багт шалгуулсан боловч тэнцээгүй.

Үүнд цаг агаар, хоол хүнс гээд бусад зүйл нөлөөлсөн. Тэгээд удалгүй Тайландын нэгдүгээр лигийн “Krabi FC” багт богино хугацаанд бэлтгэл хийн дахин шалгуулсан.

Энэ хугацаанд тус багийн менежер Япон улсын иргэн Такаши Моримото надад итгэл үзүүлж бэлтгэлдээ дахин орох эрч хүч, сэтгэлийн хат бэлэглэсэн юм. Үүгээр зогсохгүй тэр намайг өөрийн байрандаа дагуулан тусгайлан бэлтгэл хийж, ихийг зааж өгсөн. Оны өмнөхөн “Кrabi FC” багт хоёр жил тоглох гэрээнд гарын үсэг зурлаа.   

-Такаши Моримото өөрт чинь бусад тоглогчоос арай илүү хандсаны учир юу бол?

-Би Такашигийн анхаарлыг хоёр жилийн өмнөөс татсан гэдгээ саяхан мэдсэн. Тэр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа миний тухай дурдсан байна лээ. Бас түүний эхнэр нь монгол. Тиймээс монголчуудад элэгтэй ханддаг байх.

Такаши хэлэхдээ, “Боломжтой бол Тайландын хөлбөмбөгийн багт Монголоос нэмж тоглогч авах бодолтой байгаа гэж” хэлсэн байна лээ. 7-8 хүүхэд шалгаруулж авах бодолтойгоо ч дуулгасан даа.

-Үнэхээр сайхан мэдээ байна. Тэр шалгаруулалтад мэдээж нас заах байх?

-Би тэгж бодохгүй байна. Хөлбөмбөг тоглох авьяастай хүүхэд байвал нас тийм ч чухал биш. Би л гэхэд энэ жил 24 хүрч байна шүү дээ.

-Өөрөө Монголын хөлбөмбөгийн лигт тоглож явсан удаатай. Тэгэхээр таны араас мэргэжлийн багт орох азтай хүнийг нэрлэ гэвэл?

-Надтай Монголын лигт мөр зэрэгцэн тоглож явсан н.Цэндхүү, Н.Цэдэнбал, П.Алтантулга, Б.Гарьдмагнай нар Тайландын мэргэжлийн лигт тоглох бүрэн боломжтой, чадварлаг хөлбөмбөгчид. Манай багийн менежер бид хоёр энэ тал дээр цаашид анхаарна. Би төрсөн дүүгээ ч гэсэн Тайландын лигт тоглуулах бодолтой байгаа. Дүү маань одоо тавдугаар дунд сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багт тоглож байна.

-Та хэдэн настайгаасаа хөлбөмбөг тоглосон бэ?

-Би 14 настайдаа анх хөлбөмбөгийн “Од” клубт, дараа нь тавдугаар дунд сургуулийн шигшээгийн нэр дээрээс УАШТ, “Дуулиан 2020” тэмцээнүүдэд оролцсон. Сүүлд “Сэлэнгэ пресс” багаас лигт тоглосон. Харин 2009 оноос эхлэн гадны мэргэжлийн лигт тоглох хүсэл эрмэлзэл төрж, бэлтгэлээ улам чамбайруулсан.

-Тэгээд Америк руу явсан хэрэг үү?

-Тийм. Америкт дээд боловсрол эзэмшихийн зэрэгцээ хөлбөмбөг тоглож болдог. Тэнд сургууль бүр дэргэдээ хөлбөмбөгийн шигшээ багтай. Хичээл, бэлтгэл сургуулилт хийхийн хажуугаар цагаар ажиллаж ч болдог юм билээ.

Намайг тэнд спорт, менежментийн чиглэлээр сурч байхад Такаши Моримото менежер надад Тайландын лигт тоглох уу гэдэг саналыг тавьсан юм. Тэр саналыг сонсоод арга буюу сургуулиа орхиход хүрсэн. Тэр үед би төгсөх дамжааны оюутан байсан л даа. Гэр бүл, найз нөхөддөө энэ талаар цухуйлгахад тэд харин ч урам хайрлаж, миний сонголтыг хүндэтгэсэн.   

-Америкт ямар ажил хийдэг байв?

-Солонгос түргэн хоолны газарт тогооч хийж байлаа. Ажиллах цагийн хуваарь нь дэндүү урт. Хөлбөмбөг тоглох зав бараг л гарахгүй шахуу. Хоол хийх гэж би тэнд ирээгүй. Гэтэл гал тогоонд од болох мөрөөдөлтэй хөлбөмбөгчин хүү юу хийж зогсоно вэ хэмээн элдвийг эргэцүүлнэ.

Ингээд л тогооч болдог юм байна хэмээн өөрийгөө буруутгах маягтай олон юм бодно. Ажил хийхгүй бол сурах битгий хэл хөлбөмбөг тоглох ч боломжгүй. Тэнд намайг гэх амьтан ах дүү байхгүй. Тэгэхээр ажил хийхээс өөр замгүй байсан юм.

-Тогооч мэргэжилтэй хэрэг үү?

-Үгүй дээ. Би Солонгос хоол хийх аргыг тухайн зоогийн газрын ахлах тогоочоос сурсан юм. Түүнээс биш хоол хийхдээ тийм ч сайн биш. Яг зааврын дагуу ажиллах юм бол Солонгос хоол хийхэд тийм ч хэцүү биш юм билээ.

-Та Тайландын хөлбөмбөгийн лигийн эхний шалгаруулалтад тэнцээгүй. Энэ хариуг сонсоход хэцүү байсан байх даа?

-Би хөлбөмбөгийн лигт тоглох гэж Америкт гурван жил сурсан сургуулиа орхисон.  Надад буцах зам байхгүй. Ямар нүүрээрээ Монгол руу очих юм. Тэнцээгүй гэдгээ сонсоод сэтгэлээр унаагүй шүү. Харин ч эсрэгээр, бүр хурцлагдсан.

-Хэрэв таныг сонгоогүй бол яах байсан бэ?

-Хэрэв намайг Тайландын хөлбөмбөгийн менежерүүд сонгохгүй бол өөр нэг зам байсан. Тэр нь Малайзын хөлбөмбөгийн багт очиж шалгуулах явдал. Тэгээд л сэтгэлээр уналгүй бэлтгэлээ үргэлжлүүлээд байсан хэрэг.

Би Тайландын хөлбөмбөгийн мэргэжлийн багт орох болсон тухайгаа Бангкокт байхдаа мэдсэн. Манай багийн менежер Такаши намайг тэнд хэргээр авч үлдсэн юм билээ. Тэгээд надад долоо хоног хүрэлцэх хоол, буудлын мөнгийг ч өгсөн. Тэр хэлэхдээ “Чи намайг иртэл Бангкокт хүлээж бай. Би чамд заавал сайн мэдээ дуулгана” гээд явчихав.

Такаши менежерийг хүлээсэн долоо хоног ямар удаан өнгөрсөн гэж санана. Хариугаа л сонсох гэж тэр шүү дээ. Тэр ашгүй хэлснээрээ над дээр ирээд Лаос руу очиж шалгуулах боллоо гэв. Би үг дуугүй дагаад явлаа. Бид хоёр тэнд олон өдрийн бэлтгэл хийн дахин шалгуулсны эцэст тэнцсэн.

-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

-Миний хүүхэд нас тавдугаар дунд сургууль, Дамбадаржаа дахь хөлбөмбөгийн талбайд өнгөрсөн дөө. Өглөө 10.00 гэж гараад оройн 22.00 цагт гэртээ сая нэг орж ирнэ. Үе тэнгийн хэдэн хүүхэдтэй өдөржин шөнөжин тоглоно.       

-2014 онд болох хөлбөмбөгийн ДАШТ хаяанд ирлээ. Хүн бүр таавар дэвшүүлж, дэмждэг багаа битүүхэн харж суугаа байх. Өөрөө аль багийг дэмжиж байна вэ?

-Хөлбөмбөгчин болохоороо ч тэр үү дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрийг сэтгэл догдлон хүлээдэг.

Би хүүхэд байхаасаа Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг, “Барселона”-г дэмжсээр ирсэн. 2002 оны ДАШТ-ий од, Бразилийн хөлбөмбөгчин Роналдиньогийн гайхамшигтай хууралт,  довтлогоог бишрэн нэг үе тэр хүнд дурлаж явлаа. /инээв/ Тэр хүн над шиг мянга мянган хүүхдийн хүсэл мөрөөдлийг өдөөсөн болов уу.  

-Монголын хөлбөмбөгийн өнөөгийн хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

-Тамирчдынхаа бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд анхаарах ёстой чухал зүйлд  тааруу ажиллаад байх шиг. Монголын хөлбөмбөгчид байнгын бэлтгэлтэй байвал ямар ч багтай өрсөлдөх хэмжээний чадвар, хүч бий. Тухайлбал, манай улсын шигшээ баг Мьянмарын эсрэг тоглосныг жишээ болгож болно.

Тэр тоглолтын өмнө Мьямарын ганц хоёр тоглогч нь биднийг басч олон онооны зөрүүтэй хожихоо ч амласан. Харин тоглолтын үр дүн эсрэгээр эргэж, бид тэднийг талбай дээрээ бут ниргэсэн юм. Тэгээд нөгөө Мьянмарын том дуутай хэдэн нөхөд үг дуугуй алга болж билээ. /инээв/  

-Тайландад очоод одоогоор хэдэн гоол оруулаад байна вэ?

-Долоон нөхөрсөг тоглолтод оролцохдоо зургаан гоол оруулсан байна.

-Тайландын хөлбөмбөгийн лиг хэзээ эхлэх вэ?

-Ирэх сарын 21-нд эхлэнэ. Тайландын лигт 15-16 орчим баг тоглодог. Арваннэгдүгээр сарын дунд үед өндөрлөнө. Нийтдээ 34-36 орчим тоглолт хийх болов уу. 

-“Кrabi FC” багт танаас өөр гадны ямар тоглогч тоглодог вэ?

-Надаас гадна одоогоор Япон, Нигер, Бразил, Камерун зэрэг улсын хөлбөмбөгчид манай багт тоглож байна.  

-Өөрөө Монголын лигт 10 дугаартай тоглодог байсан. Тайландын лигт ямар дугаартай тоглох вэ?

-Монголын хөлбөмбөгийн шигшээ багт 10 дугаартай хоёр жил тоглосон. Харин Америкт очоод 11 дугаартай гурван жил тоглосон байна. Ер нь миний хувийн дугаар дээшээ өгсөж яваа. Мөн ур чадвар ч гэсэн адилхан.

Зураг