Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Халуун цөмийн урвалын дэлхийн хамгийн том туршилтын реактор Япон улсад ажиллаж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний цэвэр эрчим хүчний хязгааргүй эх үүсвэр болох ирээдүйтэй гэгддэг халуун цөмийн урвалын туршилтын реактор өчигдөр Япон улсын Нака хотод ажиллаж эхэлжээ.

Одоо өргөн ашиглагддаг цөмийн цахилгаан станцууд атомыг хуваах үзэгдэл дээр үндэслэн ажилладаг бол халуун цөмийн урвалын реактор нь хоёр атомыг нэгтгэх үзэгдэл дээр суурилдаг.

JT-60SA реакторын туршилтын зорилго нь халуун цөмийн урвалыг аюулгүй зохион байгуулж, их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх боломжийг судлах юм.

Токио хотоос хойд зүгт оршдог Нака хотын нэг байгууламжид зургаан давхар байшингийн өндөртэй реакторыг байрлуулжээ.

Энэхүү реактор нь Япон болон Европын Холбооны хамтарсан төслийн үр дүн юм.

Халуун цөмийн урвал нь наран дээр явагддаг үйл явцтай ижил тул байгаль орчинд хоргүй, дэлхийн агаар мандалд хүлэмжийн хийг нэмэгдүүлэхгүй.

JT-60SA реакторын төслийн дэд удирдагч Сэм Дэвис “Энэ бол Европ, Японы 70 гаруй компанийн 500 гаруй эрдэмтэд, инженерүүдийн хамтын хөдөлмөрийн үр дүн юм” гэж нээлтийн үеэр хэлжээ.

Реакторт ашиглаж буй цагирган боовны хэлбэртэй токамак машиныг “дэлхийд хамгийн шилдэг нь” гэж Европын Холбооны эрчим хүчний комиссар Кадри Симсон онцолсон байна.

Үүн дотор эргэлдэх плазм нь 200mC хүртэл халалтыг үүсгэх юм.

“Халуун цөмийн реактор нь энэ зууны хоёрдугаар хагаст эрчим хүчний гол эх үүсвэрүүдийн нэг болох боломжтой” гэж Симсон нээлтийн үеэр хэлжээ.

Халуун цөмийн реактор байгуулах өөр хоёр ч том төсөл Франц, АНУ-д хэрэгжиж байгаа.

Францад хэрэгжиж буй ITER (International Thermonuclear Experimental Reactor) төсөл техникийн саатал, зардлын хэтрэлтээс шалтгаалан төлөвлөсөн хугацаандаа ажиллаж амжихгүй болоод байна.

АНУ-ын хэрэгжүүлж буй төсөлд ITER, JT-60SA төслүүдээс өөр арга технологи ашиглаж байгаа юм.

Халуун цөмийн урвалд суурилсан цахилгаан станц осолдох эрсдэлгүй, үүсгэх цацраг идэвхт хог хаягдал нь одоогийн цөмийн станцуудынхаас хамаагүй бага хэмжээтэйгээрээ давуу талтай.

 

Эх сурвалж: AFP