Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын шүүх хар тамхины гэмт хэрэг үйлдсэн гадаад, дотоодын иргэн нийт 18 хүнд цаазын ял оноов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсын Хо Ши Мин хотод дөрвөн өдөр үргэлжилсэн шүүх хурал Бямба гарагийн орой өндөрлөж, хар тамхины хууль бус наймаанд оролцсон гадаад, дотоодын иргэн нийт 18 хүнд цаазын ял оноожээ.

Коммунист дэглэмтэй тус улс хар тамхины гэмт хэрэгт хатуу шийтгэл оноодог бөгөөд цаазын ялыг маш нууц нөхцөлд гүйцэтгэдэг юм.

Шийтгүүлсэн хүмүүсийн дотор Өмнөд Солонгосын хоёр иргэн, Хятад улсын нэг иргэн багтжээ. Мөн Вьетнамын хар тамхины сүлжээний толгойлогч, 36 настай Ле Хо Ву гэгч байсан байна.

Эдгээр хүмүүс 2020 оны таваас зургаадугаар сарын хооронд нийт 216 кг хар тамхины төрлийн бодисыг хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалж, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэнийг Вьетнамын төрийн төв хэвлэл мэдээлжээ.

Үүнээс 168 кг хар тамхины төрлийн бодисыг хууль хүчний байгууллагууд хурааж авсан гэнэ.

Хар тамхийг Камбож улсаас Хо Ши Мин хотод хулгайн замаар нэвтрүүлсэн байжээ.

Үүний зарим хэсгийг Вьетнамын зах зээлд борлуулж, зарим хэсгийг Өмнөд Солонгос руу гаргах гэж байсан байна.

Цаазын ялаас гадна уг хэрэгт оролцсон өөр гурван хүнд бүх насаар хорих ял, 18 нас хүрээгүй нэг хүнд 15 жилийн хорих ял оноожээ.

Вьетнам улс нь хар тамхины “Алтан гурвалжин” гэгддэг Лаос, Тайланд, Мьянмарын хил залгаа бүс нутагт ойр оршдог.

Тус улсын хуулиар 600 граммаас дээш героин, 2.5 кг-аас дээш метамфетамин төрлийн мансууруулах бодис хадгалсан буюу авч явсан хүнд цаазын ял оноодог юм.

Вьетнамын эрх баригчид хэдэн хүн ийм ялаар шийтгүүлсэн талаар албан ёсны тоо баримт гаргадаггүй. 2021 онд нийтлэгдсэн Эмнести Интернэйшнлийн тайланд “жил бүр хэдэн зуун хүн цаазлуулдаг байж болзошгүй” гэж дүгнэсэн байдаг.

2017 онд Вьетнамын засгийн газар анх удаа зарим тоо баримтыг дэлгэхэд 2013-2016 оны хооронд 429 хүн цаазалсан тухай дурдсан байв.

2013 оноос хойш тус улс цаазын ялыг гүйцэтгэхдээ буудах аргыг үхлийн тарилгаар сольсон гэдэг.

 

Эх сурвалж: AFP