“Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Хүүхдийн Ордонд өнөөдөр болов.
Энэ үеэр бага насны хүүхдэдээ ухаалаг утас өгч, аргаддаг эцэг эх, асран хамгаалагчдын үйлдлийн сөрөг нөлөөний талаар СЭМҮТ–ийн ахлах мэргэжилтэн К.Елейнагаас тодрууллаа.
Тэрбээр "Хүний уураг тархи толгойн дагзнаас эхлээд урагш дух руу чиглэж хөгждөг. Эхийн хэвлийд байхад нь хүүхдийн дагзны хэсэг бий болж урагшаа ургадаг гэсэн үг. Хамгийн урд талын духны хэсэг бол хяналт тавих, шийдвэр гаргах, өөрийгөө аливаа нэгэн эрсдэлээс хамгаалах цэг гэж хэлж болно.
Хүний духны энэ хэсэг 25 насандаа гүйцэд хөгждөг. Энэ хариултаас эцэг эх, асран хамгаалагчдад бүх зүйл тодорхой, ойлгомжтой болох байх.
Тархины шийдвэр гаргах, өөртөө хяналт тавих духны хэсэг хөгжиж ч эхлээгүй байхад багаас нь ухаалаг утас өгч, дэлгэц ширтүүлэх нь маш буруу үзэгдэл. Ингэснээр хүний тархины хөгжил зогсонги байдалд орно. Өөрөөр хэлбэл тархи нь зөв, зохистой байдлаар хөгжихгүй байх сөрөг нөлөөтэй" гэв.
Мөн "Нүдний өвчин ихсэж, хараа муудах шалтгаан бол дэлгэцийн хамаарал мөн. Үүний зэрэгцээ чихний эмгэг, сонсгол муудах эмгэг маш их гарч ирж байгаа.
Сүүлийн үеийн хүүхэд, залуус дандаа чихэвч хэрэглэдэг болсон. Тоглоом тоглож, кино үзэж, хөгжим сонсохдоо ч тэр чихэвч зүүнэ.
Автобусанд яваа залуусыг харвал бүгд гар утсаа атгасан, нүдээ аньсан, чихэвчээ зүүсэн байдалтай. Чихэнд нөлөөлөх дуу чимээ, авиа, долгион хүртэл байгалиас заяасан тодорхой хэм хэмжээтэй.
Хэдийгээр би мэргэжлийн нүд, чих, хамар хоолойн эмч биш ч 30 гаруй жил ажилласан эмчийн хувьд хэлэхэд 20-30 жилийн дараа бид хараа муутай, чихний сонсгол буурсан хүмүүстэй тулгарч эмчлэх юм байна гэж харагддаг" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!