Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сансрын нисгэгчдийн өмсгөлийг бүтээхэд Prada оролцохоор болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2025 онд саран дээр хөл тавих NASA-гийн сансрын нисгэгчдийн өмсгөлийг бүтээхэд Италийн тансаг эдлэлийн брэнд Prada оролцохоор болжээ.

Ингэхдээ Axiom Space компанитай хамтран ажиллахаар болсон байна.

Prada компанийн материал, хувцас үйлдвэрлэлийн арга туршлага уг төсөлд чухал хэрэгтэйг Axiom компани мэдэгдэлдээ онцолжээ.

“Prada янз бүрийн нийлмэл бөс даавуугаар хувцас урлах ихээхэн туршлагатай бөгөөд сансрын нисгэгчдийн өмсгөлийн гадна давхаргад техникийн бодитой хувь нэмэр оруулах боломжтой” гэж NASA-гийн таван удаагийн сансрын аялалд оролцож, дөрвөн удаа задгай сансарт ажиллаж байсан профессор Жэффри Хофман ярьсан байна.

Гэхдээ Prada брэнд оролцсон гэхээр чамин гоёмсог өмсгөл төсөөлөх хэрэггүйг тэр бас анхааруулжээ.

“Сансрын нисгэгчийн өмсгөл бол сансрын хөлгийн жижгэрүүлсэн хувилбар гэсэн үг. Даралтыг тэсвэрлэж, хүчилтөрөгч, дулааныг алдахгүй байх ёстой. Энэ бол хамгийн чухал” гэж тэр тайлбарласан байна.

Axiom компани энэ оны эхээр төлөвлөж буй өмсгөлийнхөө талаар эхний мэдээллийг өгч байсан юм. Уг мэдээллээр бол шинэ өмсгөл нь 55 кг хүнд, урьд өмнөх загваруудаасаа илүү эмэгтэй хүн өмсөхөд тохиромжтой байх ажээ.

Axiom, Prada компаниудын хамтран бүтээсэн өмсгөлийг 2025 онд саран дээр буух Artemis 3 аяллын багийн гишүүд хэрэглэх юм.

Уг аялал нь 1972 оны Apollo 17 аяллаас хойш саран дээр хүн буулгах эхний оролдлого байх болно. Artemis 3 багийн бүрэлдэхүүнд анх удаа эмэгтэй хүн багтах юм.

 

Эх сурвалж: BBC