УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан боллоо.
Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуягийн даралт унаж, цус харвалтын эхний шинж илэрч байгаа учраас цагдан хорих арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг түүний өмгөөлөгч Ц.Ганцэцэг гаргасан билээ.
Шүүх хуралдаанаар улсын яллагч таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой дараах тайлбарыг хэлэв.
Улсын яллагч "Өмгөөлөгчдийн гаргаж байгаа хүсэлтүүдтэй танилцлаа. Эхлээд цагдан хорихтой холбоотой асуудлаар тайлбар хэлье.
Эрүүл мэндийн шалтгаан болон хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилсан гэх үндэслэлээр шүүгдэгчийн цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан.
Эрүүл мэндийн хувьд хорих 461 дүгээр ангиас холбогдох албан бичгийг шүүхэд хүргүүлсэн байгаа. Үүнд дурдагдсанаар "тухайн хоригдогч этгээдийн биеийн байдал хэвийн байна" гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Ийм учраас эрүүл мэндийн шалтгаанаар түүнд авсан арга хэмжээг өөрчлөх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоог хүртэл явагдаж байгаа. Иймд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилсан гэж үзэх үндэслэлгүй тул авсан арга хэмжээг өөрчлөн шийдвэрлэх үндэслэлгүй" хэмээн тайлбараа хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!