Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан болон бусад нэр дэвшигч Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хамтарсан мэдээлэл хийлээ.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулганд 661 төлөөлөгч оролцож санал өгөөд 50.8 буюу дийлэнх олонхын саналаар Б.Жаргалан Ерөнхийлөгчөөр сонгогдож, чуулганы төлөөлөгчид батламжилсан. Сонгууль шударга бус явах ямар ч нөхцөл байгаагүй. Мандатын тоогоор төлөөлөгчдөө оролцуулсан. Нэрсэд алдаа байгаагүй ба бүх нэр дэвшигчдэд тэгш өрсөлдөх боломжоор бүрэн хангаж өгсөн гэдгийг мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунцэцэг онцолсон юм.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Жаргалан хэлэхдээ “Миний хувьд ерөнхийлөгчийн албыг хүлээж авснаар сая сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдийнхээ мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлж, нэг баг болон хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгаагаа уламжилъя. Тухайлбал бид сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасан ковотыг зөвхөн босго оноо гэж харж байгаа. Тиймээс ковотоос бүх шатанд нэр дэвшүүлэх эмэгтэйчүүдээ бэлтгэж чадавхжуулах, таниулах ажлыг хамтдаа зохион байгуулна. Улмаар бүх шатны сонгуульд аль болох олон эмэгтэй ялалт байгуулах талаар дэмжин ажиллана.
Түүнээс гадна Ковид-19-ийн хуулийн хэрэгжилттэй холбоотой УИХ-ын нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Цар тахлын үед хамгийн их хохирол амссан, хамгийн золиос амссан хүмүүс бол эмэгтэйчүүд байсан. тэр утгаараа Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажиллана" гэлээ.
Нэр дэвшигч Ц.Уянга "Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуульд нэр дэвшсэнээр ардчиллын үнэ цэнэ алдагдаж байгаа энэ цаг үед, зоригтойгоор хөл гишгэн орж ирэх ийм үзэгдлийг хийсэн. Миний хүлээлт Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүдээс гэхээс илүү нийгмийн хүлээлт байсан. Мөн нийгэм ийм хүлээлттэй байгаа шүү гэдгийг харуулах үүднээс өрсөлдөөнд орсон. Оролцсон зорилгын тухайд:
Уучлаарай гишүүдээ бид буруутай гажуудсан үйл ажиллагааныхаа өмнө дүр эсгэхгүй байх хэрэгтэй. Буруу зүйлд нэр холбогдсон. Тухайлбал нүүрсний хэрэг ч юм уу. Эсвэл экс ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүн сөрөг намын зөвлөх хийж явсан гэх мэт хүмүүс намынхаа эсрэг сөрөг ажиллагаа хийж яваа бол үүнийг шийдвэрлэчхээд, ардчиллын үнэ цэнээ зөв харуулчхаад, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдчихөөд, эмэгтэйчүүдээ манлайлж чадна гэсэн хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой байсан.
Нөгөө талд би Б.Жаргалангийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хайрцаг гэдэг зүйлийн л нэг хэсэг байсан. Б.Жаргалан санал тавьж байгаад баярлалаа. баг гэдэг нь ямар утгаар хэлж байгаа вэ. Дэд ерөнхийлөгч гэх албан тушаал байгаа бол би энэ багт орохгүй. Өрсөлдөөд дараа нь хоорондоо албан тушаалаа хуваалцаж хийдэг гэдэг ойлголтыг би нийгэмд өгмөөргүй байна. Энэ буруу зүйл. Би чиний сайн зүйлийг бүх талаараа дэмжинэ. Гэхдээ чиний хамгийн том шүүмжлэгч байна” гэв.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Улс төрийн намын хуультай уялдуулан намын дүрмийг өөрчлөх хэрэгтэй байгаа. мөн нүүрсний толгой эргүүлсэн асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Сая МАН-ы эмэгтэйчүүдээс илүү ажиллаж чадах уу гэж асуулаа. Ер нь эмэгтэйчүүд хүчээ нэгтгэж байж амжилтад хүрдэг юм билээ. 2012-2016 онд бүх эмэгтэйчүүд хамтраад олон чухал хууль батлуулж байсан. Би хурал дээр шинэ удирдлагад зөвхөн ардчилсан намынхаа эмэгтэйчүүдийн төлөө битгий ажиллаарай гэж захисан" гэв.
Тэрбээр "Мэдээж олон асуудал байсан. Мөнгө тараасан асуудлууд ч гарсан ба баримтуудыг үзүүлж байсан. Гэхдээ энэ асуудлыг дотоодод дүгнэж ярих болов уу гэж бодож байна. Бид бас 60 гаруй сая төгрөг төлсөн. Гэхдээ асуудлаа дотроо яриад, алдаа оноогоо хэлэлцээд дараа нь алдааг гаргахгүй байхаар ажиллах ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!