Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан ажлын талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Энэ онд Ерөнхий сайд нийт 16 аймагт ажиллахаас өнөөдрийн байдлаар 10 аймагт ажиллаж тухайн орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн саналыг авчээ.
Энэ жил тухайн орон нутгийн хөгжил болон ард иргэдийн амьдралын чадварыг сайжруулахад тустай хөрөнгө оруулалтыг өөрсдөөр нь эрэмбэлүүлэх аж.
Тодруулбал зураг төсөл нь бэлэн болсон, Сангийн яамны системд бүртгэгдсэн, аймаг, орон нутаг, УИХ-ын гишүүдийн санал тодорхой хувиар тусгагдсан, шууд төсвийн хөрөнгө оруулалт хийгдэхэд бэлэн төслүүдийг олон нийтэд хэлэлцүүлж байгаа аж. Тэдгээр төслөөс ач холбогдлоор нь эрэмбэлэн үнэлж улсын төсөвт бүрэн тусгах чиглэлээр ажиллаж байгаа юм байна.
Ерөнхий сайдын ажилласан 10 аймагт түлхүү дэд бүтцийн буюу аймаг орон нутгийг холбосон авто замын төслүүдийг хэрэгжүүлэх саналыг ард иргэдийн зүгээс илэрхийлжээ.
Жишээлбэл: Говь-Алтай аймгийг Завхан аймагтай холбох болон Ховд аймгийг Увс аймагтай холбох авто замын төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх. Мөн Чойр, Мандалговийг холбох авто замын төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх зэргийг ард иргэдийн зүгээс дэмжсэн байна.
10 аймгаас гарсан саналаар ирэх оны төсвөөр болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих 800 орчим км замын төслийн ажил байгаа аж.
Түүнчлэн очсон аймаг болгонд дулаан хангамж, түүний дэд бүтэц тулгамдсан асуудал гэдгийг иргэд илэрхийлсэн байна. 10 аймагт БНСУ-ын ЭКЗИМ банкны зээлээр дулааны станцын төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр төсөл ирэх оны аравдугаар сараас эхэлж ашиглалтад орохоор байгаа аж.
Мөн энэ асуудлыг дагаад барилга орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд цахилгаан хангамж хомс байгаа учир орон нутагт ажлын байр бий болох, эдийн засгаа өөрөө хангах зэрэгт саад бэрхшээл болж байна гэх асуудлыг иргэд илэрхийлсэн байна.
Хүн амын төвлөрөл үүсэж байгаа учир сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй болж гурван ээлжид хичээллэх эрсдэлтэй байна. Иймд сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгөхийг иргэдийн зүгээс хүсжээ.
Түүнчлэн хөдөө орон нутагт ажлын байр, орон сууцны хороолол бий болгох ажлын хүрээнд Дархан-Уул аймагт 72 тэрбум төгрөгөөр 10,000 айлын орон сууц барих ажлыг 2024 оны улсын төсөвт бүрэн тусгахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!