Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун айлчлалаа хэдэн өдрөөр сунгах болсныг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй сансрын буудалд уулзсан Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны айлчлал дахин хэдэн өдөр нэмж үргэлжлэхээр болсныг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр харих замдаа Владивосток хотоор дайрч, Оросын байлдааны хөлөг болон хэд хэдэн үйлдвэртэй танилцахыг Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков хэлсэн байна.

Лхагва гарагт хоёр улсын төрийн тэргүүн Амур мужийн нутагт байгуулагдсан Восточный Космодром сансрын шинэ буудалд уулзсан юм.

Тэдний уулзалт хаалттай хаалганы цаана таван цаг орчим хугацаанд үргэлжилсэн байна.

Уулзалтын үеэр ямар асуудлууд яригдсаныг талууд нууцалж байгаа. Украины дайнд дутагдаж буй сум, зэвсэг хэрэглэл ОХУ-д нийлүүлэх асуудал яригдсан байх магадлалтай байна.

Хариуд нь Умард Солонгосын тал орчин үеийн зэр зэвсгийн болон сансрын технологи авч болзошгүй байгаа.

Хэрвээ ийм наймаа хэрэгжвэл НҮБ-ын тогтоолыг зөрчсөн үйлдэл болж, ноцтой үр дагаварт хүргэхийг АНУ-ын засаг захиргаа Пёньянд урьдчилан анхааруулсан юм.

Ким Жон Ун уулзалтын үеэр “Орос улс Өрнөдийн ноёрхогч хүчнүүдийн эсрэг бүрэн эрх, аюулгүй байдлаа хамгаалах ариун тэмцэл явуулж байна” гэж хэлээд Москвагийн эрх баригчдын бүх шийдвэрийг дэмждэгээ илэрхийлснийг Умард Солонгосын албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Путин бас Умард Солонгосыг хиймэл дагуултай болоход нь туслахаа мэдэгдсэн юм.

Уулзалтын дараа Путин, Ким нар харилцан бэлэг солилцжээ. Нислэгт олон удаа ашиглагдсан сансрын нисгэгчийн бээлийг Орост үйлдвэрлэсэн бууны хамт Путин хүндэт зочиндоо бэлэглэж, хариуд нь Ким Жон Ун мөн эх орныхоо үйлдвэрийн бууг бусад эд зүйлсийн хамт бэлэглэснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC