Дэлхийн гаалийн байгууллагын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газарт Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр ажиллаж байгаад ирсэн Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын Гаалийн Улсын Байцаагч Г.Энхжаргалтай ярилцлаа.
- Дэлхийн гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
- Дэлхийн гаалийн байгууллага нь гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Энэ байгууллага нь анх 1952 онд Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд улмаар 1994 онд тус байгууллага нэрээ Дэлхийн гаалийн байгууллага болж өөрчилсөн.
Өнөөдрийн байдлаар тус байгууллагад олон улсын худалдааны 98 гаруй хувийг бүрдүүлдэг дэлхийн 185 орон гишүүнээр элссэн байна.
Монгол Улсын хувьд тус байгууллагад 1991 онд гишүүнээр элссэн.
Дэлхийн гаалийн байгууллагын нь гаалийн байгууллагын үйл ажиллагааны олон улсын стандартыг боловсруулах, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг шударгаар бүрдүүлэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэх, холбогдох зөвлөмж, заавар, удирдлагаар хангах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.
- Гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг гэлээ. Энэ талаар тодруулъя?
- Дэлхийн гаалийн байгууллага гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Үүний нэг нь гишүүн орнуудын удирдах ажилтнуудад зориулсан карьер хөгжлийн хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрийг Дэлхийн гаалийн байгууллага 2009 оноос эхлэн Япон улсын гаалийн хамтын ажиллагааны сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж эхэлсэн.
Хөтөлбөрийн гол зорилго нь гаалийн чиглэлээр өндөр ур чадвартай мэргэшсэн ажилтан бэлтгэх зорилготой хөтөлбөр юм. 2011 оноос эхлэн Монголын гаалийн байгууллагаас гурван албан хаагч хамрагдсан байдаг. Миний бие тус хөтөлбөрт хамрагдсан гурав дахь ажилтан болж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн гаалийн байгууллагын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газарт Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр ажиллаж байгаад ирсэн, Дэлхийн гаалийн байгууллага дээр Бүрдүүлэлтийн дараах шалгалтын чиглэлээр бэлтгэгдсэн анхны ажилтан болж байгаа юм.
- Гаалийн хяналтыг улс орнууд хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
- Улс орнууд эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтыг дараах гурван үе шатанд хэрэгжүүлж байна.
Нэгдүгээрт бүрдүүлэлтийн өмнөх үе шат буюу тухайн барааг гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнөх үе шат.
Хоёрдугаарт бүрдүүлэлтийн үе шат буюу барааг гаалийн байгууллагад мэдүүлснээс барааг эзэнд олгох зөвшөөрлийг гаалийн байгууллагаас олгох хүртэлх үе шат.
Гуравдугаарт бүрдүүлэлтийн дараах үе шат буюу барааг эзэнд олгох зөвшөөрлийг гаалийн байгууллагаас олгосны дараах үе шат.
Бүрдүүлэлтийн дараах шалгалт нь дээрх гурван үе шатны гурав дахь үе шат буюу барааг эзэнд олгох зөвшөөрлийг гаалийн байгууллагаас олгосны дараа хийгддэг шалгалт бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны үнэн зөвийг тухайн худалдаа эрхлэгчийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн бичиг баримтад тулгуурлан нягталдаг хяналт юм.
Өөрөөр хэлбэл шалгалтын зорилго нь тухайн худалдаа эрхлэгч гаалийн байгууллагад бараагаа үнэн зөв мэдүүлж байгаа эсэх, гаалийн хууль тогтоомжийг ямар түвшинд, хэрхэн дагаж мөрдөж байна вэ гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх, шаардлагатай тохиолдолд хууль сахилтын түвшинг сайжруулах, холбогдох зөвлөгөө зөвлөмж өгөх, тухайн худалдаа эрхлэгчийг илүү сайн хууль сахигч болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой шалгалт юм.
- Тухайн шалгалт нь худалдаа эрхлэгчид ямар ач холбогдолтой вэ?
- Нэгдүгээрт шалгалтын үр дүнгээр хууль сахилтын түвшин өндөр гэж тодорхойлогдсон өөрөөр хэлбэл бараагаа гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлдэг худалдаа эрхлэгчийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, бүрдүүлэлтийн явцад барааг нь биет болон биет бус шалгалтаас чөлөөлөх боломжийг бүрдүүлж өгдөг. Энэхүү боломжийг бүрдүүлж өгснөөр худалдаа эрхлэгч гаалийн бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг хугацаа, зардлыг бууруулах, түргэн шуурхай бараагаа улсын хилээр нэвтрүүлэх боломжтой болдог.
Хоёрдугаарт Худалдаа эрхлэгч өөрийн гаргасан алдаа дутагдлыг ойлгох, засаж залруулах, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх боломжтой болдог. Иймээс бүрдүүлэлтийн дараах шалгалт нь нэг талаас хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх нөгөө талаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг орчин үеийн гаалийн хяналтын нэг хэлбэр юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!