Дугаарын хязгаарлалттай өдөр 30 гаруй алба хаагчийн хуримын жагсаалын цуваа, төрийн ордны өмнөх талбайд машинаа байршуулсан нь ямар учиртайг Цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
ЦЕГ-ын ХМТ-өөс "Уг асуудал нь өчигдөр буюу наймдугаар сарын 27-ны 04:00-07:00 цагийн хооронд Маршалын гүүрнээс зохион байгуулсан зураг авалт юм. Өөрөөр хэлбэл 08:00 цагийн дугаарын хязгаарлалт, иргэдийн хөдөлгөөн эхлэхээс өмнө болсон үйл явдал.
Зураг авалтад Батлах Хамгаалах яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар, Дотоодын Цэргийн, Төрийн Тусгай Хамгаалалтын Газрын алба хаагчдын 30 гаруй төлөөлөл оролцсон.
Төрийн цэргийн байгууллагуудын залуу алба хаагчдыг дэмжих чуулган зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Монголд гэр бүл салалт, гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллээс шалтгаалан хүүхэд өнчрөх явдал их байна. Үүнээс урьдчилан сэргийлж, цаг наргүй ажилладаг алба хаагч нараа дэмжих зорилгоор хүүхэдтэй алба хаагчдаа оролцуулан хуримын зураг авалт хийсэн юм.
Зураг авалтын үеэр замын хөдөлгөөнийг хааж, иргэдэд хүндрэл учруулсан зүйл байхгүй".
Төрийн ордны өмнөх талбайд машин оруулсан тухайд "Зураг авалтад залуу алба хаагчдаа оролцуулсан дээрх байгууллагууд Төрийн тусгай хамгаалалтын газраас зөвшөөрөл авч, ордны өмнөх талбайд машин зогсоосон" хэмээн тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!