ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хамгийн том барилгын компаниудын нэг АНУ-д дампуурлаа зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын хамгийн том барилгын компаниудын нэг Evergrande групп АНУ-д дампуурлаа зарлажээ.

Тус компани өчигдөр АНУ-ын дампуурлын тухай хуулийн 15 дугаар бүлгийн дагуу хамгаалалт авах хүсэлтээ Нью Йоркийн шүүхэд гаргасан байна.

Уг бүлэг нь гадаадын компаниуд дахь АНУ-ын хөрөнгийг хамгаалах зориулалттай юм.

2021 онд анх өрөө төлж чадахгүйд хүрсэн Evegrande групп одоо зээл олгогчидтой гэрээний нөхцөлөө шинэчлэх яриа хэлэлцээ явуулж байгаа гэдэг.

Тус группийн өр $300 тэрбум хүрсэн нь салбартаа дэлхийд тэргүүлэх өндөр үзүүлэлт юм.

Evergrande группийн хувьцааны арилжааг Хонконгийн бирж 2022 оны гуравдугаар сараас хойш зогсоогоод байгаа.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Evergrande нийт $80 тэрбумын алдагдал хүлээсэн нь өнгөрсөн сард тодорхой болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын өөр нэг томоохон барилгын компани Country Garden энэ оны эхний зургаан сарын хугацааны алдагдал нь $7.6 тэрбумд хүрэх төлөвтэй байгааг зарласан юм.

Дээрх үйл явдлууд нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт ноцтой хямрал нүүрлэснийг харуулж байна.

Цар тахлын дараах Хятадын эдийн засгийн сэргэлт удаашрах нь нэгэнт тодорхой болоод байгаа.

Өнгөрсөн сард тус улсын импорт, экспортын хэмжээ огцом буурсан. Тухайлбал долдугаар сарын экспортын хэмжээ жилийн өмнөх мөн үеэс 14.5 хувиар, импортын хэмжээ 12.4 хувиар буурсан нь албан ёсны статистик мэдээллээс харагдсан юм.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Хятад улс анх удаа дефляцад орсон нь өнгөрсөн долоо хоногт танилцуулсан дээрх тоо баримтаас мөн тодорхой болсон байна.

Энэ долоо хоногийн эхээр Хятадын төв банк гурван сарын дотор хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулсан нь төсөөлж байгаагүй гэнэтийн алхам байлаа.

 

Эх сурвалж: BBC