Өнгөрсөн сард Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн баазад алба хааж байсан нэг цэрэг сахилгын шийтгэлээр нутаг буцах замдаа хоёр Солонгосын хилийг давж оргосон юм.
Травис Кинг гэдэг нэртэй энэ цэрэг Техас руу буцах онгоцонд суух гэж байхдаа гэнэт чиглэлээ өөрчлөн хоёр Солонгосын хилийн харуулын постыг үзэхээр яваа бүлэг жуулчдын дунд орсон байна. Тэндээсээ тэр хилийн шугамыг давж зугтсан юм.
Удтал чимээгүй байсан Умард Солонгосын төв хэвлэл өчигдөр оргосон цэргийн талаар анх удаа мэдээлжээ.
“АНУ-ын арми дахь хүнлэг бус харилцаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, БНАСАУ-д оргож ирэхээр шийдсэнээ байлдагч Травис Кинг мөрдлөгийн явцад хүлээн зөвшөөрсөн. Мөн тэрбээр Америкийн нийгмийн тэгш бус байдалд сэтгэл дундуур байгаа тул БНАСАУ болон гурав дахь оронд дүрвэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна” гэж Пёньяны төв хэвлэл өчигдөр мэдээлсэн байна.
Энэ мэдээллийн дараа Пентагон мэдэгдэл гаргажээ.
“Бид түүнийг аюулгүй буцааж ирүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Манай эцсийн зорилго бол байлдагч Кингийг гэрт нь хариулах бөгөөд үүний тулд бид бүх боломжит арга хэрэгслээ ашиглаж байгаа” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Умард Солонгосын хэвлэл Травис Кингийг мөрдөх ажил үргэлжилж байгаа гэжээ.
Сахилгын зөрчил гаргасныхаа төлөө хоригдож байгаад суллагдсан Кинг тухайн үед АНУ-ын Техас мужийн Форт Блисс хот руу нисэх гэж байсан юм.
Тэрбээр сахилгын шийтгэл болох $4,000-ын торгуулийг төлөхийн оронд албадан хөдөлмөр эрхлэх сонголт хийсэн тул ийнхүү буцахаар болоод байсан гэнэ.
1950-1953 оны Солонгосын дайнаас хойш АНУ, БНАСАУ хоёр дипломат харилцаа тогтоогоогүй, дайны байдалд байгаа.
Хоёр орны харилцаанд гарсан асуудлуудыг шийдвэрлэхэд өмнө нь Пёньян дахь Шведийн элчин сайдын яам зуучилдаг байв.
Гэвч цар тахлын үеэр гадаадын иргэд Умард Солонгосоос явснаас хойш Шведийн дипломатууд буцаж очоогүй байгаа.
Тиймээс Травис Кингийн асуудлаар АНУ-ын засаг захиргаа Умард Солонгосын талтай харилцахад хүндрэл гарсан байна.
Пёньяны дэглэм өмнө нь Умард Солонгост очсон Америкийн иргэдийг тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр саатуулж байсан түүхтэй.
Хамгийн сүүлд 2018 онд Брюс Байрон Лоренсийг албадан буцааснаасаа хойш тус улс АНУ-ын иргэдийг баривчлаагүй байгаа.
Харин өөрийн сайн дураар Умард Солонгост дүрвэж очсон тохиолдол ховор байдаг.
Хүйтэн дайны үед АНУ-ын цөөн тооны цэрэг Умард Солонгос руу оргосон нь сүүлд суртал нэвтрүүлгийн кинонд ашиглагдаж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!