Уншиж байна ...
Зураг
Зураг

Шинэ оны эхний өдөр АНУ-ын Нью-Орлеанд террорист халдлага гарч, 15 хүний амь үрэгдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны эхний өдөр буюу Лхагва гарагт АНУ-ын өмнөд эргийн Луизиана мужийн хамгийн том хот Нью-Орлеанд террорист халдлага гарсны улмаас 15 хүний амь үрэгджээ.

Өчигдөр өглөө эрт тус хотын аялал жуулчлалын төв Франц дүүрэгт нэг этгээд пикап төрлийн автомашинаар цугларсан хүмүүс рүү дайрсан байна.

Үүний улмаас 15 хүн амиа алдаж, 35 хүн бэртэж гэмтжээ.

Халдлага үйлдэгч энэ үеэр цагдаа нарт буудуулж алагдсан байна. Түүнийг АНУ-ын Техас мужийн 42 настай иргэн Шамсуд Дин Жаббар байсныг сүүлд тогтоожээ.

Халдлага үйлдсэн автомашинд Исламын Улс байгууллагын туг далбаа байсан тул Холбооны Мөрдөх Товчоо “терроризмын хэрэг” үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Мөрдөгчид Жаббарыг ганцаараа халдлага үйлдээгүй гэж үзэж байна.

Автомашинаас галт зэвсэг болон тэсрэх төхөөрөмжүүд илрүүлжээ.

зураг
 

Шамсуд Дин Жаббар 2007 оны тавдугаар сараас 2015 оны нэгдүгээр сар хүртэл хугацаанд АНУ-ын зэвсэгт хүчинд хүний нөөцийн мэргэжилтэн, мэдээллийн технологийн мэргэжилтнээр алба хааж байсныг тогтоосон байна.

Энэ үедээ тэр 2009-2010 оны хооронд нэг жилийн хугацаатай Афганистанд томилогдож байжээ.

Жаббар өмнө нь 2002 онд жижиг хэмжээний хулгай болон 2005 онд жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хоёр гэмт хэрэгт холбогдож байсан байна.

Тэрбээр 2015-2017 онд Жоржиа Мужийн Их сургуулийг компьютерын мэдээллийн системийн мэргэжлээр дүүргэж байжээ.

Халдлагын улмаас жил бүрийн оны эхний өдөр зохион байгуулагддаг уламжлалтай их сургуулиудын хөлбөмбөгийн “Sugar Bowl” тэмцээн Нью-Орлеанд болох байсан нь нэг өдрөөр хойшилсон байна.

Уг тэмцээнийг телевизээр олон сая америкчууд үздэгээс гадна зохион байгуулагч хотод нь олон мянган жуулчин ирдэг юм.

 

Эх сурвалж: BBC