Чингис хаан олон улсын нисэх буудалд хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт E-Gate буюу цахим гарцыг ашиглаж эхэлжээ.
Тус цахим гарцыг ашиглаж эхэлснээр шалган нэвтрүүлэгчид очихгүйгээр цахим гадаад паспортоо E-Gate-д уншуулан хилээр нэвтрэх боломжтой юм. Гэхдээ E-Gate-ээр зөвхөн цахим гадаад паспорттой Монгол Улсын иргэн нэвтрэх юм байна.
Манай улсын иргэд энэ оны гуравдугаар сарын 1-ээс цахим чиптэй үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 140 мянга гаруй иргэн цахим паспорттой болсон байна. Цахим гадаад паспортын нэгэн давуу тал нь Чингис хаан олон улсын нисэх буудлын E-Gate-ээр хил нэвтрэх, урт дараалалд орохгүй байх боломжийг үүсгэжээ.
Цахим гарцыг хилийн нэвтрэх хэсэгт ашиглаж эхэлсэн талаар Хилийн цэргийн 0218 ангийн захирагч, хурандаа Я.Билгээ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд 2021 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр 82 дахь гишүүн улс болон нэгдэн орсон. Ингэснээр олон улсад хүчин төгөлдөр байх тус сангийн батлан гаргасан чиптэй цахим гадаад паспортыг стандартын дагуу гаргах боломжтой болсон юм.
Цахим үндэстэн бодлогын хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын замын боомтын орох, гарах хөдөлгөөнд тус бүр дөрвөн цахим гарцыг ашиглаж эхэллээ. Өмнө нь шалган нэвтрүүлэхэд ажиллаж буй баг бүрэлдэхүүн зорчигчийг нэг минутын хугацаанд шалгадаг байв.
Харин цахим гарцаар зорчигчийг 20 секундэд нэвтрүүлэх боломжтой боллоо. Мөн хилээр нэвтрэх үед өөр хүний бичиг баримт ашиглах эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Учир нь E-Gate иргэдийн цахим гадаад паспортыг өөрийнх нь бодит байдалтай нь харьцуулах чадамжтай.
Цаашдаа гадаад улсуудтай харилцан тохиролцсоны дараа гадаадын иргэдийг цахим гарцаар нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа" хэмээн тайлбарлав.
Цахим гарцыг ашиглаж эхэлснээр нэг хүнд ирэх ачаалал, зорчигчийг хүлээлгэх гэх асуудлууд хөнгөрч байгаа хэмээн шалган нэвтрүүлэх баг бүрэлдэхүүн дурдаж байлаа. Мөн цахим үндэстэн болох бодлогын хүрээнд E-Gate-ийг Замын-Үүдийн хилийн боомтод нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгааг ажлын албаныхан ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!