Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын хүн амын тоо өнгөрсөн онд 800,000-аар буурав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Япон улсын хүн ам зүйн хямрал улам гүнзгийрснийг Лхагва гарагт тус улсын засгийн газраас танилцуулсан статистик тоо баримт харуулжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус улсын хүн ам 125.4 сая болсон байна. Үүнд үндсэн иргэд болон байнга оршин суух эрхтэй гадаадын иргэдийн тоог оруулжээ.

Өмнөх онтой харьцуулахад үндсэн иргэдийн тоо 800,000-аар буурсан бол гадаадын иргэдийн тоо 289,500-аар өссөн байна.

Энэ нь Япон улсын хүн амын тоо 2009 онд дээд хэмжээндээ хүрснээс хойш 14 жил дараалан буурсан үзүүлэлт болжээ.

Өмнөх жилүүдэд том хотуудын хүн ам буурч байсан бол өнгөрсөн онд анх удаа бүх мужуудад бас бууралт ажиглагдсан байна.

Харин нийслэл Токиогийн оршин суугчийн тоо бага хэмжээгээр өссөн нь гадаадын иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

Өнгөрсөн онд Японд 1.56 сая хүн нас барсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Харин шинээр мэндэлсэн хүүхдийн тоо үүний талд хүрэхгүй хэмжээтэй буюу 771,801 байсан байна.

Тус улсад нас баралтын тоо нь шинээр мэндэлсэн хүүхдийн тооноос давдаг болоод арав гаруй жил өнгөрч байгаа.

Хүн ам хөгширч, ажиллах хүчний хэмжээ буурч буй нь дэлхийн гурав дахь том эдийн засагтай Япон улсын эрх баригчдын санааг зовоосон хамгийн том асуудал болоод байна.

Японы эдийн засаг оргилдоо хүрч байсан 1980-аад оноос хойш хүн амын өсөлт нь ч бас тасралтгүй буурсаар ирсэн юм.

Хүн амын өсөлтийг зогсоохын тулд эмэгтэйчүүдийн насан туршдаа төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.1 байх ёстой бол одоо 1.3 хүрээд байна.

2020 оны байдлаар Япон улсад 100 давсан настай иргэдийн тоо 1,500 хүрсэн нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж байна.

Японоос гадна Хятад, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур зэрэг улсуудад ижил асуудал тулгарч эхлээд байгаа.

Хүн амын өсөлт удааширсантай холбоотойгоор Япон улс гадаадаас авах ажиллах хүчний хэмжээгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй болж байна.

Өнгөрсөн онд Токиогийн нэгэн судалгааны байгууллагын гаргасан дүгнэлтээр бол Япон улс эдийн засгийн өсөлтөө хангахын тулд 2040 он гэхэд 2020 онтой харьцуулахад дөрөв дахин олон ажилчин гадаад орнуудаас авах шаардлагатай болох гэнэ.

 

Эх сурвалж: CNN