Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Алтай хотхоны 3,000 гаруй хүүхдийн сурч боловсрох эрх нь бүрэн хаагдаад байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлөхийг шаардаж "Алтай" хотхоны оршин суугчид өнөөдөр жагсаал зохион байгууллаа. 

10,000 гаруй оршин суугчтай энэ хотхонд одоог хүртэл улсын сургууль, цэцэрлэг бариагүй. Сургууль барих талбай дээр "Тайгам Алтай" ХХК өөр зориулалтын барилга, байгууламж барих гэж байгааг оршин суугчид хэлж байв. 

"Алтай" хотхоны оршин суугчид "Манай хотхонд сургуулийн насны 3,000 гаруй хүүхэд бий. Гэвч одоог хүртэл хотхон дотроо сургууль, цэцэрлэггүй хэвээр. Хүүхдүүд маань сургуульдаа явахын тулд маш их эрсдэлтэй тулгардаг. Тэдний амь насанд ч эрсдэл учрах аюул байгаа.

Энэ хавьд машин битгий хэл явган хүн явах боломж бүрдэхгүй байна. Оршин суугчид цаашдаа ч тэмцэх болно.

"Алтай" хотхоны хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь бүрэн хаагдаад байна. “Тайгам Алтай” компани олон барилга, байшин барьсан мөртлөө нэг ч сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй.

Өнөөдөр 3,000 гаруй хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Энэ бол том аюул. Иймээс ч нийт оршин суугчид жагсаалд оролцож, дуу хоолойгоо хүргэж байна.

"Тайгам Алтай" компанийн удирдлага, зохих шатны ажилчид энэ асуудлаа шийдэх цаг болсон. Оршин суугчидтай хамтарч, болж бүтэх талаас нь тохиролцъё гэхээр ирдэггүй. Манай хорооны дарга ч удаа дараа тус компанийн захиралтай уулзаж байсан юм билээ. Гэвч асуудлыг огт хүлээж авдаггүй.

Цаашдаа оршин суугчдын асуудлыг авч хэлэлцэж, шийдвэрлэхгүй байвал дахин энэ хотхонд ямар ч барилга бариулахгүй. Оршин суугчид тэмцэх болно" гэлээ. 

"Бидний үр хүүхдэд сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна"

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч "Бидний үр хүүхдэд сургууль, цэцэрлэг хэрэгтэй байна. Энэ хавиар явган хүний зам байхгүй учраас хүүхдүүд маш аюултай нөхцөлд амьдарч байгаа.

Монгол Улсын стандартаар 500-700 метрт хүүхдийн сургууль, цэцэрлэг байх ёстой. Гэтэл өвлийн хүйтэнд, халтиргаа гулгаатай эрсдэлтэй нөхцөлд хол замын туулж сургуульдаа явдаг. Хичээл сургуульд нь явуулахын тулд аав, ээжийнх нь аль нэг заавал ажлаа хойш тавьж, хүүхдээ зөөх шаардлагатай болдог. 

Өнөөдөр бодит нөхцөлд түрээсийн байранд бидний үр хүүхэд суралцаж байна. Сургууль, цэцэрлэгийг нь шийдсэн барилга байгууламжийг Улсын комисс хүлээж авмаар байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

"Алтай хотхон ашиглалтад ороод 13 жил болж байна. Энэ хугацаанд улсын сургууль баригдаагүй"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тус хорооны засаг дарга "Манай хороонд улсын сургууль байхгүй. Хувийн хоёр сургуультай бөгөөд төлбөр нь өндөр. Үүний нэг нь 4.5 сая төгрөг, нөгөөх нь 5.5 сая төгрөгийн төлбөртэй. Хотхон дотор сургуульгүйгээс болоод яах аргагүй бага сургуулийнхаа хүүхдүүдийг эцэг эхчүүд өндөр төлбөртэй ч гэсэн өгөхөөс өөр аргагүй байдаг.

"Алтай" хотхон ашиглалтад ороод 13 жил болж байна. Энэ хугацаанд улсын сургууль баригдаагүй" гэлээ. 

"Төсөл хэрэгжүүлж байгаа компани хотхоны энэ талбайд анх сургууль барина гэж тохирч байсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Энэ хотхон 16,000 хүн амтай, 2,400 хүүхэдтэй байгаа. Гэвч шинэ Улаанбаатарын дүр төрх ийм л байна.

Нэг метр квадрат ногоон байгууламжгүй, хүүхдийн тоглоомын талбайгүй, үлдсэн жаахан газар дээр нь орон сууц, зочид буудал барина гэдэг.

Уг нь төсөл хэрэгжүүлж байгаа компани хотхоны энэ талбайд анх сургууль барина гэж тохирч байсан. Эргээд харахад орон сууц, зочид буудал барихаар болж хувирсан байна.

16,000 иргэн гэдэг бол жижиг аймагтай дүйцэх хүн ам. Гэвч сургууль, цэцэрлэггүй" хэмээн хэлэв.