Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бахмутын тулаанд 20,000 гаруй цэргээ алдсаныг Вагнерын тэргүүн хүлээн зөвшөөрөв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожиний Кремлийн бодлогыг дэмжигчдийн нэг, улс төрийн стратегич Константин Долговтой хийсэн ярилцлага өчигдөр нийтлэгджээ.

Энэхүү ярилцлагадаа Пригожин ОХУ-ын эрх баригчдын гаргасан албан ёсны тоо баримтаас нэлээд зөрүүтэй мэдээлэл өгсөн байна.

Тухайлбал Бахмутын төлөө тулаанд тус групп 20,000 гаруй хүнээ алдсаныг тэр баталжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам 15 сар үргэлжилсэн Украины дайнд нийт 6,000 гаруй цэргээ алдсан гэж мэдээлдэг.

Харьцуулбал 1979-1989 онуудад үргэлжилсэн Афганистаны дайнд Зөвлөлт Холбоот Улс 15,000 орчим цэргээ алдсан юм.

Украиныг зэвсгээс ангижруулах (демилитаризация) Москвагийн төлөвлөгөө бүтэлгүйтэж, эсрэгээрээ Өрнөдийн дэмжлэгтэйгээр Украины арми улам хүчирхэгжсэнийг Пригожин ярилцлагадаа өгүүлжээ.

зураг
 

Бас энгийн иргэдийг Оросын арми алж хядаж байгааг тэр хүлээн зөвшөөрсөн нь албан ёсны эх сурвалжаас өгдөг мэдээллийг үгүйсгэсэн хэрэг байв.

Хэрвээ Өрнөдийн тусламж үргэлжилсээр байвал удахгүй эхлэх сөрөг давшилтаараа Украины арми Крымийн хойгийг оролцуулаад эзлэгдсэн нутаг дэвсгэрээ буцаан авч чадахыг Пригожин ярьжээ.

“Хамгийн муугаар төсөөлөхөд зэр зэвсгийн тусламж авч, цэргүүдээ сайн бэлтгэсэн Украинчууд удахгүй сөрөг давшилтаа эхлүүлнэ. Тэд Крымд довтолж, манай гол хангамжийн зам болох Крымийн гүүрийг устгахыг оролдоно. Тиймээс бид маш хүнд хэцүү дайнд бэлдэх шаардлагатай” гэж Пригожин ярьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Оросын хяналтад бүрэн шилжсэн гэгдэж буй Бахмут хотод тулаан үргэлжилж буйг Украины тал өчигдөр мэдээлсэн юм.

Тухайлбал Украины хуурай замын хүчний командлагч Олександр Сирьский өчигдөр мэдээлэхдээ анги нэгтгэлүүд нь Бахмутын дэргэд байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлж, зарим ахиц дэвшил гаргасан тухай өгүүлжээ.

 

Эх сурвалж: Associated Press