Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Кембрижийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид Монголд махны судалгаа хийнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Кембрижийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид "Монголын махны тухай антропологийн судалгаа"-г гурван жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр болжээ

Энэ талаар Кембрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвийн судлаач, доктор Элизабет Фоксоос тодруулснаа хүргэж байна. 



-Монголчуудын өдөр тутмын хоол хүнсийг махгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ энэ төрлийн судалгааг яагаад Монголд хийх болсон юм бэ? 

-Би өмнө нь "Монгол бүсгүйчүүдийн хувцаслалт"-ын талаарх судалгааг 2012 онд хийж байсан. Ноолуурын үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүдтэй хамт таван долоо хоног ажиллаж, тэдний дунд оролцон ажиглалт, судалгааг явуулж байлаа. 

Энэ удаад монголчуудын махны хэрэглээг гурван жилийн хугацаанд судлахаар ирээд байна. Энэхүү судалгааны ажлын баг гурван хүний бүрэлдэхүүнтэй байх юм.

Тодруулбал, Ерөнхий удирдагч багшаар Кембрижийн их сургуулийн профессор Uradyn E. Bulag ажиллах бөгөөд махны экспортын талаарх хууль зүйн мэдээллийг судалж байгаа. Мөн сургуулийн профессор, доктор Thomas White мах, махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй нөхцөл байдал, стандартыг судлах юм. 

Миний хувьд Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын махны хэрэглээтэй холбоотой судалгааг хийнэ. Тухайлбал, нийслэлд оршин сууж буй иргэд махаа хаанаас авдаг вэ, өвлийн идшээ хэрхэн яаж бэлтгэдэг вэ гэх мэтчилэн асуултыг дэвшүүлж, судалгааг явуулна. 

-Яагаад монголчуудын махны хэрэглээг судлах болсон шалтгааныг тайлбарлаж болох уу? 

-Судалгааны ажлаа хийхийн тулд хоёр жил гаруй хугацаанд хотын гэр хорооллын айлд амьдарч байлаа. Тухайн үед монгол хүний хооллолтод мах ямар чухал болохыг харж, мэдэрч байв. Улаанбаатарчуудын махны хэрэглээг ажигласан гэсэн үг. Үүнээс харахад махаа шууд худалдаж авах, эсвэл хөдөө амьдардаг хамаатан, саднаасаа авах хоёр сонголтыг хийдэг байсан. 

Өвлийн идшээ бэлтгэх нь тэдний хувьд маш чухал зүйл. Хөдөө амьдардаг хамаатныхаасаа идэш авах тухайн үйлдэлд хүн хоорондын харилцаа үүсэж байна. Өөрөөр хэлбэл, хотын гэр хороололд амьдардаг иргэн хөдөөгийн хүмүүстэй харилцах хөшүүрэг нь мах болоод байгааг анзаарсан. Тийм учраас анх 2014 онд шүүмжлэлт нийтлэл бичиж байсан. 

Харин одоо судалгаагаа албан ёсоор эхлүүлж байгаа бөгөөд төсөл маань дөнгөж есдүгээр сард эхэлсэн. "Монголын махны тухай антропологийн судалгаа"-ны үр дүн гурван жилийн дараа гарна гэсэн үг. 

-Өмнөх судалгааны ажлаа явуулахдаа Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байсан талаараа та дээр дурдсан. Таны анзаарснаар ямар асуудал тэдний өдөр тутмын амьдралд тулгарч байсан вэ? 

-Тухайн үед өөрийн дассан амьдралын орчноос тэс өөр газарт амьдарсан. Монголд гэр хороололд амьдарна гэдэг их ялгаатай. Усгүй, халаалтгүй, нийтийн тээврийн хүрэлцээ муутай гэх мэтчилэн асуудал нэлээд тулгарч байсан.

Зарим айл өрх ядууралд их өртсөн байдаг. Тэр хүмүүсийг дэргэдээс нь ажиглах хүнд даваа байсан хэдий ч миний амьдарч байсан айл үнэхээр халуун дулаан, сайхан гэр бүл. Тэр бүх хүнд, хэцүү сорилтыг даван туулахад гэр бүлийн хүмүүс маань маш их тусалсан. Ийм учраас их азтай. 

Энэ хугацаанд гэр хороололд амьдардаг хүмүүсийн өмнө тулгарч буй маш олон асуудлыг харж, мэдэрч байснаа нуухгүй. Зарим хүн нэг их анзаардаггүй байж магад. Жишээлбэл, тэдний цалингийн үнэлэмж үнэхээр бага, эрсдэлтэй ажлын байраар хангадаг. Цалин хөлс бага учраас өдөр тутмын зардлуудаа төлж чадахгүй байдалд хүрдэг. Заримдаа мах идэхгүй хонох, дотор гэдсээр хоногийн хоолоо болгох гэх мэтчилэн амьдралын гунигт нөхцөлүүдийг зөндөө харсан.

-Энэ хугацаанд монголчуудын хооллолтын хэв маягийн онцлогийг ч анзаарчээ.

-Тийм ээ. Мах бол Монголын үндэсний дархлаа юм билээ. Монголчууд махыг "food security" гэж үзэж байгаа нь ажиглагдсан учраас цааш илүү судлахаар шийдсэн.