Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сувдмаа: Цэврүүт тууралтат халдвар болох гар, хөл, амны өвчний үед халуурах, найтаах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүн амын дунд цэврүүт тууралтат халдвар болох гар, хөл, амны өвчин, энтеровирусийн халдвар, салхин цэцэг өвчин түгээмэл байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс сэрэмжлүүлж байна.

Халдварт өвчнөөр ямар ч насны хүн өвдөх эрсдэлтэй ялангуяа бага насны хүүхдүүд агаар дуслын болон ахуй хавьтлын замаар халдварладаг өвчинд илүү өртөмхий байдаг. Энэ утгаараа цэврүүт тууралтат халдвар болох гар, хөл, амны өвчний халдварын тархалт тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд зонхилон бүртгэгддэг ба энэ өвчин хаврын улиралд нэмэгдэх хандлагатай байдаг.

Иймд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аав, ээж, асран хамгаалагчид маань авч, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаа хэллээ. 

Түүнээс гар, хөл, амны өвчний үед илрэх шинж тэмдэг болон урьдчилан сэргийлэх боломжийн талаар тодрууллаа. 



Тэрбээр "Гар, хөл, амны өвчний халдварыг ямар ч насны хүн тусах эрсдэлтэй. Яагаад гэвэл, эх уурхай нь өвчтэй хүн байдаг. Аливаа халдварт өвчин нь

  • эх уурхай буюу өвчтэй хүн,
  • өртөмхий бие махбод буюу энэ өвчнөөр өвдөөгүй хүн,
  • дамжих зам гэсэн гурван хэлхээс нийлснээр үүсдэг. 

Гар, хөл, амны өвчинд бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг юм. Энэ нь хүүхдүүдийн өөрийгөө хамгаалах байдал сул, заавал аав ээжийн анхаарал халамж шаарддаг тул бохирдсон тухай бүр гараа савандаж, дарааллын дагуу угаах байдалтай нэг талаараа холбоотой.

Гар бохирдох болгонд дарааллын дагуу зөв угааснаар ямар ч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гараа зөв угааж хэвших нь халдварт өвчнөөс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс ч бага насны хүүхдүүдэд эцэг эхийн тусламж, анхаарал халамж зайлшгүй чухал" гэдгийг хэллээ. 

Гар, хөл, амны вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчний үеийн шинж тэмдэг: 

Энэ төрлийн өвчин нь хүнээс хүнд халдварладаг. Гар, хөл, амны өвчний үед цэврүүтэй тууралт гардаг бөгөөд вирусээр үүсгэгддэг, гарын алга, амны салст, гарын сарвуугаар цэврүүтэй тууралт гарах, халуурах, найтаах, ханиах зэрэг шинж тэмдэг ажиглагдана. 
Бага насны хүүхдүүдийн амны салст хэсгээр цэврүүтэй тууралт гарсан байвал шүлс нь гоожих, ам нь өвдөх, халуурах шинж тэмдгүүд илэрч болдог.

Иймд гэр бүлийн хүрээнд, цэцэрлэг сургууль, хүүхдийн байгууллагын орчинд байнга шинж тэмдгийн тандалт хийж, хэн нэгний гар, хөл дээр цэврүүтэй тууралт гарсан эсэхийг илрүүлж, эрт тусгаарлан хариу арга хэмжээ авснаар олон хүүхэд өвдүүлэхгүй байж болно.

Мөн "Гар, хөл, амны өвчин, энтеровирус, салхин цэцгийн өвчлөлийг халдварт өвчний хам шинжид суурилсан тандалтын тогтолцоогоор тандаж байна. Тодруулбал, цочмог халууралт, цэврүүтэй тууралтын сэжигтэй тохиолдлыг бүртгэж, ялган оношилж, эмнэлгийн тусламж үзүүлдэг.

Өрхийн эмнэлэг болон ХӨСҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар ирж үйлчлүүлж байгаа, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн дийлэнх нь

  • салхин цэцэг
  • гар, хөл, амны өвчин 
  • энтеровирусийн халдвар зонхилж байна. Мөн сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байна. 

Агаар дусал, хавьтал, ахуйн замын халдварууд өвөл, хаврын улиралд илүү нэмэгдэх хандлагатай байдаг ба ямар ч халдварт өвчин улиралчлал, хөдлөл зүйтэй, насны онцлогтой байдаг. Жишээлбэл, гэдэсний халдвар дулааны улирал эхлэхээр улиралчлал нь эхэлдэг бол өвөл, хаврын улиралд буюу сэрүүн үед агаар дуслын халдвар ихэсдэг. 

Одоогийн байдлаар цэврүүт тууралтат халдварууд нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа" хэмээн ХӨСҮТ-ийн эмч Н.Сувдмаа нэмж хэллээ. 

Энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж:

Хувь хүнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд илүү ач холбогдолтой. Хамгийн түрүүнд гараа бохирдсон тухай бүрд савандаж, дарааллын дагуу бүрэн угааж хэвших нь зүйтэй.
Мөн хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Бусадтай хоол хүнс, ундаа усыг амнаас ам дамжуулан хувааж хэрэглэхгүй байхыг зөвлөе. 
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдийнхээ уруул дээр шууд үнсдэг. Болж өгвөл хүүхдийн уруул аман дээр үнсэхээс татгалзах нь зөв. 
Дараагийн урьдчилан сэргийлэх алхам бол өвчтэй хүнийг эрт илрүүлэх явдал. Хэрэв өвчтэй хүнтэй хамт байсан бол халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаагаа дэмжих, бие дээрээ тууралтат халдвар гарч буй эсэхийг нь ажиглах хэрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаарай.
Гар, хөл, амны өвчин, салхин цэцэг гэх мэтчилэн цэврүүт тууралтат халдвар нэмэгдэж буй энэ үед олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ, тусгаарлах арга хэмжээ авах нь зүйтэй.
Амны хаалт зөв зүүх, гарын ариун цэврийг сахих гэх мэт энгийн зөвлөмжийг өдөр тутамдаа дагаж мөрдсөнөөр халдварт өвчний эрсдэлээс сэргийлэх, өвдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломжтойг тэрбээр зөвлөсөн юм. 

Энэ оны эхний гурван сард гар, хөл, амны өвчний нийт 507 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж харах боломжтой. 

зураг
 
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв