ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Очхүү: Монгол инженерүүд үндэсний хэмжээний тоолуурын системийг хөгжүүлж байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 5 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахилгааны алдагдалд хүргэж байгаа асуудлуудыг шийдэхийн тулд ухаалгаар үр ашигтай ажиллан хянах системийг монгол инженерүүд хөгжүүлжээ.

Тодруулбал, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, "Ханап хангал зээрд" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд монгол инженерүүдийн хөгжүүлж буй "Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем"-ийг өнөөдөр ШУТИС-ийн номын санд танилцуулсан юм.

Уг системийн талаар IMS төслийн менежер Б.Очхүү "Монголын эрдэмтэн судлаач, багш нар, салбарын мэргэжилтэн, инженер, мэдээллийн технологийн салбарынхан хамтраад үндэсний хэмжээний тоолуурын систем, цаашилбал эрчим хүчний ухаалаг удирдлагын системийг бий болгохоор ажиллаж байна. Эрчим хүчний уг системийг монгол инженерүүд өөрсдөө хөгжүүлсэн нь ямар нэгэн брэнд, гаднын зүйлд захирагдах, хэн нэгнээс хамааралтай байдал бий болохгүй болж байгаа юм. 

Манай улс эрчим хүчний алдагдал асар өндөртэй. Станцууд нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийхээ 10-12 хувийг зөвхөн дотоод хэрэгцээндээ зарцуулдаг. Тиймээс хуучирсан технологийг шинэ тоног төхөөрөмжөөр солих болон мэдээллийн технологи дээр суурилсан ухаалаг шийдлээр үүнийг бууруулах боломжтой" гэлээ.

Үйл ажиллагааны алдагдлаас шалтгаалж, цахилгаан станцуудын засварын ажлыг хойшлуулах, хэт их ачаалалтай үед нөөц тоноглолгүй ажиллуулах зэргээс болж цахилгаан станцууд ослын байдалтай ажилласаар байгаа юм байна. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тэрбээр систем хэзээ нэвтрэх болон шийдэж буй асуудлын талаар танилцууллаа. 

Хэзээ НЭВТЭРЧ эхлэх вэ?

IMS төслийн менежер Б.Очхүү "Бид суурь систем дээрээ гурван жил тасралтгүй ажиллалаа. Эрчим хүчний салбар нь төрөөс хамааралтай байдаг учраас зайлшгүй төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж байж хэрэглээнд нэвтэрнэ. Миний хувийн урьдчилсан тооцоогоор 2-3 жилийн дотор бүрэн нэвтэрч үндэсний хэмжээний системтэй болох боломжтой гэж үзэж байна.

Ямар АСУУДЛЫГ шийдэж байгаа вэ?

Одоо байгаа айл өрхүүдэд байдаг тоолуурын системийн хувьд удирдаж болдоггүй буюу гарч байгаа тоолуурын заалтдаа итгэлтэй байж болдоггүй асуудалтай. Үүнээс шалтгаалж хэрэглэгч болон ханган нийлүүлэгч хоёрын хооронд үл ойлголцол үүсдэг. Тиймээс энэ асуудлыг хэрэглэгч өөрөө бүрэн хянаад явж болохоор буюу айл өрхийн тоолуурын системийг алсын зайнаас удирддаг болгох, асааж унтрааж болох болон төлбөрийн системтэй нь холбох зэргээр шийдэж бусад мэдээлэл технологийн компаниудтай хамтрах нэгдсэн том экосистемийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ. 

"Өрхүүдийн тоолуурын мэдээллийг нэгдсэн цахим систем рүү татах боломжуудыг бид бүрдүүлж өгч байна"

“Ханап хангал зээрд” компанийн гүйцэтгэх захирал Д.Амарсанаа "Монгол Улсын эрчим хүчний систем дээр тоолуур, хэмжих хэрэгслүүдэд гаднын буюу хөндлөнгийн нөлөөллийн программуудтай. Тэгэхээр бидний өөрсдийн аюулгүй байдал болох эрчим хүчний системээ хамгаалах шаардлага бий.

Өөрөөр хэлбэл, өөр өөр газраас тоолуур орж ирсэн ч бид Монгол Улсын хэмжээнд өөрийн эрчим хүчний системийг хамгаалж авч үлдэхгүй бол болохгүй. Ийм эрсдэлт байдалд хүрсэн учраас цахим шилжилтийн процессын дагуу хамгийн анхны хэмжих хэрэгслүүд буюу айл өрхүүдийн тоолууруудын мэдээллийг нэгдсэн цахим систем рүү татах боломжуудыг бид бүрдүүлж өгч байгаа юм. Ингэснээр түгээх компаниуд болон хэрэглэгчдийн хоорондын заалтын маргаан, мөнгө төгрөгийн асуудлыг бодит байдлаар шууд хянах учир зохицуулах боломжууд үүснэ.

Дараагийн нэг асуудал нь дуудлага буюу гэмтэл саатал гарсан үед айл нь эзэнтэй байна уу, эзэнгүй байна уу хамаагүй тоолуураас мэдээлэл авч чадаж байгаа учраас асуудлыг шуурхай ажиллагаагаар шийдэх боломжууд бий болно. Мөн чанартай эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээх нөхцөл бүрдэнэ" гэв.