Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Эх үүсвэрийг нэмэгдүүлбэл үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийг шалгуур багатай олгодог систем рүү орох ёстой"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжуудыг үйлдвэрлэл эрхлэгч нарт танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжиж буй, зээлийн сонгон шалгаруулалтын процессыг багасгах боломж бий эсэх асуудлаар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоно. Үүний 70-аас дээш хувийг нь хүнсний чиглэлийн үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн дэмжихээр ажиллаж байна. Зээлийн сонгон шалгаруулалтын хувьд энэ оны хоёрдугаар сарын 9-нөөс гуравдугаар сарын 10-ны хооронд төслөө хүлээж авсан. Нийт 1,200 гаруй зээд авах хүсэлт ирүүлснээс эцсийн байдлаар бүх бичиг баримтаа өгсөн 655 аж ахуйн нэгж байна.

Энэ дотроос бичиг баримтын бүрдэл хангаагүй, татвар, нийгмийн даатгалын өртэй гэдэг юм уу ийм байдлаар нэгдүгээр шатанд 306 ААН шалгарсан. Өмнөговь аймаг таван тэрбум, Сүхбаатар аймаг 300 сая төгрөгийг орон нутгийнхаа төсвөөс өгсөн. Тухайн аймгуудаас олон төсөл ирсэн учраас хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт арай дуусаагүй байна. Бусад аймгуудынх дуусаж 257 ААН шалгараад байгаа. Тус хоёр аймгийг хүлээхгүйгээр бусад аймгуудад хоёр баг гарч ажиллаж байна. Манай албан хаагчдын бараг тал нь зээл олгох сонгон шалгаруулалтын гуравдугаар үе шат буюу газар дээр нь дүгнэхээр ажиллаж байгаа юм. 

Гурван хувийн хүүтэй таван жилийн хугацаатай зээл олгох юм. Эхний нэг жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 

Эргэлтийн хөрөнгийн зээл одоохондоо олгож чадахгүй байна. Яагаад гэвэл төсөв хөрөнгө маань бага байгаа. Өмнөх жилүүдэд улсын төсөв болон Засгийн газрын бондоос олгодог байсан. 2019 оноос хойш улсын төсөв, бондын мөнгө олгогдоогүй. Өөрөөр хэлбэл, дандаа эргэн төлөлтөөс зээл олгож байгаа учраас эх үүсвэр бага байна" хэмээв. 

Түүнчлэн зээлийн сонгон шалгаруулалтын процессыг багасгах боломж бий эсэх тухайд "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн тавигдах шаардлага арилжааны банкнаас бага. Сан нь банкны шаардлага хангахгүй ААН-д зээл олгох зорилготой. Харин зээлийг яг жинхэнэ эзэнд нь хүргэхийн тулд сонгон шалгаруулалтад хугацаа их зарцуулдаг. 

Бид сонгон шалгаруулалт хийгээд, үйл ажиллагаа явуулж буй, шаардлага хангасан ААН-д зээл өгч байгаа. Ер нь цаашид эх үүсвэрийг нэмэгдүүлбэл сонгон шалгаруулалтын процессыг багасгаад үнэхээр яг юм хийж байгаа хүн л бол олон шалгуур тавихгүй, эргэн төлөгдөх нөхцөлийг л хардаг систем рүү орох ёстой" гэлээ. 

"БНХАУ, Солонгос, Япон жилийн 1-2 хувийн хүүтэй зээлийг ААН-үүддээ урт хугацаатай олгодог"

Гарааны бизнесийг дэмжих асуудлаар "Гарааны бизнес эрхлэгчдийг Жижиг, дунд үйлдвэрийн газраас дэмжих ёстой. Харамсалтай нь төсөв мөнгөний боломж муу учраас бодитой дэмжлэг бага байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл хүсэхэд үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байж болно. Төсөл нь хэрэгжиж болохуйц, барьцаа хөрөнгийн шаардлага хангасан, байраа барьчихсан тоног төхөөрөмжөө авах гэж байгаа бол зээлд хамрагдаж болно. Гэхдээ олон улсын онооны үнэлгээний системээр үнэлэхээр олон жилийн туршлагатай сайн ажиллаж байгаа ААН зээл авах магадлал илүү байдаг. Өөрөөр хэлбэл, эргэн төлөгдөх нөхцөл нь илүү учраас. Энэ систем өнөөдрийн монголын нөхцөлд таарч байгаа. Гарааны бизнесийг дэмжих төсөв мөнгө нь хангалттай болоод ирвэл системээ жаахан сулруулах хэрэгтэй. 

БНХАУ, Солонгос, Япон жилийн 1-2 хувийн хүүтэй зээлийг ААН-үүддээ урт хугацаатай олгодог. Бас зээл олгохдоо ийм олон шаардлага тавьдаггүй. Эдгээр улсын эдийн засаг нь том, мөнгөтэй байна. Тэд мөнгөө юу руу зарах уу гэдгээ бодож байхад харин бид яаж мөнгө олох тухай бодож байгаа. ААН-үүддээ зээлийг чин сэтгэлээсээ өгөхийг хүсэж байсан ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй байна. 

Өмнөх жилүүдийг бодоход хүмүүс аж ахуй эрхлэх сонирхол ихтэй болсон. Өнөөдрийн уулзалтад ямар олон хүн ирсэн байна вэ. Эдгээр бүх хүнд зээл өгмөөр байна. Олон хүн зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь харамсалтай. Хөнгөлөлттэй зээл олгож, олон ажлын байр бий болгомоор байна. Энэ зүйлийг бид хөрөнгө санхүүгээс шалтгаалж бүрдүүлж чадахгүй байгаа юм" гэдгийг онцоллоо.