Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Times “Олон улсын тавцан дахь оны онцлох хүн”-ээр В.Путиныг нэрлэв

Б.Ууган, iKon.mn
2013 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Британийн эртний түүхтэй хэвлэлүүдийн нэг болох Таймс сонин Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Олон улсын тавцан дахь оны онцлох хүн”-ээр нэрлэсэн тухайгаа өнөөдөр цахим хуудсандаа мэдээлжээ. Энэ сониныхон Оросын тэргүүний гадаад бодлогод гаргасан амжилт тэр дундаа Сирийн нутаг дэвсгэрээс химийн зэвсэгийг гаргасан тохиолдолд цэргийн ажиллагаа явуулахгүй байхаар АНУ-тай хэлэлцээр хийж чадсан. 

Украинд томоохон зээл олгосон нь тухайн улс орнуудын харилцаа цаашид бэхжихэд томоохон нэмэр болсон амжилтуудыг нь онцолсон байна.

Энд дуулгахад 10 дугаар сарын сүүлээр Форбес сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд багтсан юм. Путиныг ийнхүү жагсаалтад багтаахдаа мөн л Сирийн хямралыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэдгээр нь онцолж байв.

Үүнээс өмнө 2007 онд Америкийн “Тайм” сэтгүүл Путиныг “Оны онцлох хүн”-ээр нэрлэж байсан юм. 

Тайм сэтгүүл  онцлох хүнийг хэрхэн сонгодог вэ? 
Тайм сэтгүүлийн оны онцлох хүнийг сонгох шалгуурыг Генри Люс тун энгийнээр тайлбарлаж байв. Тухайн хүн өнгөрч буй оны үйл явдлуудад ихээхэн нөлөөлсөн байх ёстой гэнэ. Түүнчлэн мэдээ болон манай амьдралд бусдаас илүү нөлөөлсөн хүнийг сонгодог гэнэ. Тиймээс энэ сэтгүүлийн нүүрийг Франклин Рузвельт, Махатма Ганди  Мартин Лютер Кинг, тэр бүү хэл  Адольф Гитлер чимж байсан бол  2001 онд оны онцлох хүнээр нэр дэвшүүлсэн хүмүүсийн дунд “Аль Каида”-ийн тэргүүн Осама бен Ладен хүртэл байжээ.

Цаг хугацаа өнгөрөх тутам оны хүнийг тодруулахдаа сэтгүүлийн редакцийнхан зөвхөн эрэгтэй гэлтгүй эмэгтэйчүүдийг сонгодог болжээ. Харин 1982 онд “Оны онцлох хүн”-ээр анх удаа амьгүй биет тодорч, персональ компьютер сэтгүүлийн нүүрэн дээр заларч байсан бол 1988 онд оны онцлох гэсэн эрхэм алдрыг Дэлхий буюу манай гариг хүртэж байжээ. 

Владимир Путин өөр юугаар онцгойров? 
10 дугаар сарын сүүлээр Форбес сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг Владимир Путин Барак Обамагийн дээр жагссанаараа тэргүүлж байв. Тухайн үед Владимир Путин: "Би Форбесийн шинжээчидэд талархаж байна гэхдээ энэ шалгаруулалт үргэлж хязгаарлагдмал байдаг, өнөөдөр нэг тэргүүн эзэллээ гэхэд маргааш нөгөөх нь гарч ирнэ. Энэ бол хэвийн л үзэгдэл, шинжээчид ажлаа хийж байна. Гэхдээ би үүнд аль болох анхаарал бага хандуулах болно” хэмээж байжээ. 

Харин Путиныг яагаад нэрлэх болсон талаараа Форбес сэтгүүлийн ерөнхий редактор Майкл Нор тайлбарлахдаа “Яагаад заавал Путин жагсаалтыг тэргүүлснийг би нарийн хэлж мэдэхгүй юм. Энэ бол шинжээчдийн хамтын шийдвэр, гэхдээ АНУ-д төсвийн хямрал ид өрнөж, Барак Обамагийн нэр хүнд суларч байсан үе үүнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Түүнээс гадна Америкийн тагнуулын үйлдлийг тойрсон дуулиан дэлхий даяар дэгдчихээд байхад АНУ-ын Ерөнхийлөгч  ямар ч санаачилга гаргаж чадаагүй, гэтэл Владимир Путин олон улсын тавцанд шийдэмгий хөдөлдөг. Тиймдээ ч энэ онд Сирийн асуудлыг зохицуулахад гол үрэг гүйцэтгэсэн. Тийм ч учраас шинжээчид Оросын Ерөнхийлөгчийг сонгосон байх” хэмээжээ.