Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ: Энэ оны дундуур Энэтхэг улсын хүн амын тоо Хятадынхаас бараг гурван саяар илүү болно

Т.Давааням, ikon.mn
2023 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ оны дундуур Энэтхэг улс дэлхийн хамгийн олон хүн амтай улсын алдрыг Хятадаас булаах тооцоог НҮБ гаргажээ.

Тодруулбал НҮБ-ын хүн амын сангаас өчигдөр гаргасан “State of World Population 2023” тайланд зургаадугаар сарын сүүлээр Энэтхэгийн хүн амын тоо 1.4286 тэрбум болох бол Хятад улсын хүн амын тоо 1.4257 тэрбумд хүрэхээр байгааг мэдээлсэн байна.

Энэ үед АНУ-ын хүн амын тоо 340 саяд хүрч, дэлхийн улс орнуудаас гуравдугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байх гэнэ.

Хэдийгээр хүн амын өсөлт аль алинд нь саарч байгаа ч Энэтхэг, Хятад улсуудын хүн амын нийлбэр дэлхийн 8.045 тэрбум хүн амын гуравны нэгээс илүү гарахаар байна.

Өнгөрсөн онд Хятад улсын хүн амын тоо анх удаа буурсан нь сүүлийн 60 жилийн хугацаанд анхны тохиолдол болсон юм.

Энэтхэгийн хувьд нөхцөл байдал Хятадынхаас арай дээр байгаа.

2011 оноос хойш тус улсын хүн ам жилд дунджаар 1.2 хувиар өссөн юм. Гэхдээ энэ нь өмнөх арван жилийн хугацааны 1.7 хувиас буурсан үзүүлэлт болжээ.

2023 оны долдугаар сарын 1-ний байдлаар дэлхийн улс орнуудыг хүн амын тоогоор тэргүүлэх улсууд:

  • Энэтхэг
  • Хятад
  • АНУ
  • Индонез
  • Пакистан
  • Нигери
  • Бразил
  • Бангладеш
  • ОХУ

 

Эх сурвалж: Reuters