ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Харвард, Принстон, MIT-д тэтгэлэгтэй тэнцсэн О.Анирчулуу: Хичээлийнхээ хажуугаар таеквондогоор хичээллэдэг

ikon.mn
2023 оны 4 сарын 6
iKon.MN
зураг
 

Сант сургуулийн 12-р ангийн сурагч Отгочулуугийн Анирчулуу нь дэлхийн шилдэг их сургуулиуд болох Harvard, Massachusetts Institute of Technology (MIT), Princeton, Columbia, Duke (Kunshan), Amherst college-иас суралцах урилга авчээ. Бид түүнтэй топ их сургуулиудад амжилттай тэнцсэн туршлага болон өнгөрсөн хугацаанд өөрийгөө хэрхэн бэлдэж ирсэн талаар нь дэлгэрэнгүй ярилцлаа.

-Юуны өмнө халуун баяр хүргэе. 3-р сард олон улсын топ их сургуулиудын элсэлтийн дүн гарч, сурагчид хүсэн хүлээсэн хариугаа авдаг онцлогтой байдаг. Чиний хувьд хэдхэн хоногийн өмнө энэ баяртай мэдээнүүдийг хүлээн авсан байна. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?

Баярлалаа. MIT жил бүр Pi өдөр буюу 3-р сарын 14-нд хариугаа өгдөг бол Ivy league-ийн бусад сургуулиуд 3-р сарын сүүлээр өгдөг. Тэр өдөр нь тодорхой байдаг учраас өмнөх хоёр долоо хоногоос нь л догдолж, хүлээж эхэлсэн. MIT-ийн хариу Монголын цагаар 3-р сарын 15-ны өглөө 06:30 цагийн үед гарч, тухайн үед хариугаа харж чадахгүй сандраад 5-10 минут болж байснаа санаж байна. Утасныхаа дэлгэц дээр дарсан ч харж чадахгүй дээшээ харж хэсэг хугацаанд байж байгаад хартал Congratulations (Баяр хүргэе) гэсэн бичиг, маш гоё цацардаг эффекттэй мэдээлэл ирсэн байсан. Түүнийг хараад их баярлаж, аав ээждээ баяраа хуваалцаж уйлсан дурсамжаа хуваалцмаар байна. Харин Harvard, Princeton, Columbia нь Ivy League-ийн сургуулиуд учраас нэг өдөр хариугаа гаргадаг. Энэ оных нь Монголын цагаар 3-р сарын 31-нд байсан юм. Би тухайн үед Говь-Алтай аймагт улсын физикийн олимпиадад оролцож байлаа. Өглөө сэрээд энэ том сургуулиудаас урилга авснаа мэдээд сэтгэл маш их хөдөлж, их баярласан.

-Төсөөлөгдөж байна. Их сургуулиудад элсэх өргөдөл гаргахад ямар үе шатуудыг туулдаг вэ. Хэр их хугацаанд бэлтгэж, хүлээв?

Процессын талаар ярихад том сургуулиудад элсэх өргөдлөө гаргахад хоёр үе шаттай буюу 11 дүгээр сард өөрийнхөө хамгийн хүсэж буй сургуулиуддаа өргөдөл гаргаж (early decision), 1-2 дугаар сард бусад боломжит сургуулиуд руу (regular decision) өргөдлөө гаргадаг. Миний хувьд 2022 оны 11-р сарын 1-нд өөрийнхөө хамгийн эхний сонголт болох Princeton University-д элсэх өргөдлөө гаргасан. Учир нь би үүгээр тухайн сургуульдаа элсэхийг хамгийн их хүсэж байгаа гэдгээ мэдэгдэхээс гадна элсэх боломжийг хамгийн их эрэлхийлсэн гэсэн үг. Ингээд боломжтой хоёр үе шатанд бусад сургуульд элсэх өргөдөл гаргасан. Өргөдөл гаргахад юуны түрүүнд хэлний оноо (TOEFL, IELTS) мөн SAT-ийн онооноос гадна эссэ гэдэг маш том даваа бий. Эссэний хувьд personal statement буюу нэг үндсэн эссэ бичихээс гадна сургууль бүрд өөр өөр 3-5 эссэ бичих тохиолдол байдаг. Тиймээс өргөдөл гаргах хугацаанд нийтдээ 20 гаруй эссэ бичсэн байх. Бүх өргөдлүүдээ явуулсны дараа бас ярилцлагууд өгдөг. Ярилцлагуудыг тухайн сургуулийг төгссөн зэрэг хөндлөнгийн хүмүүс авч, дүгнэлтээ бичиж сургууль руу явуулдаг. Энэ шалгууруудыг давсны дараа 6 сургуулиас нь суралцах урилга аваад байна. Үүний дотор элсэхийг маш их хүсэж байсан дэлхийн топ их сургуулиуд байгаад баяртай байна.

-Эдгээр сургуулиуд тэтгэлэг санал болгосон уу. Сонголтоо хийсэн үү?

Сонголтоо хараахан хийгээгүй байна. 100 хувийн тэтгэлэг өгсөн сургуулиуд бий. Тэтгэлэг болон бусад хүчин зүйлсүүдийг нь харьцуулж үзээд сонголтоо хийхээр төлөвлөж байна. 

-Ямар мэргэжлээр сурах сонирхолтой байна?

Миний хувьд багаасаа физикт дуртай. Цаашид физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, их сургуулийн профессор болохыг зорьж байгаа.

“AP хөтөлбөрт хамрагдсан нь топ их сургуульд ороход дэмжлэг болсон”

зураг
 

-Дэлхийн шилдэг их сургуулиудад өргөдөл гаргагчдын маш бага хувийг буюу 100 хүүхдээс 10 хүрэхгүйг нь тэнцүүлдэг. Өрсөлдөөн ийм их байхад тухайн сургуулиуд чиний юуг хамгийн их үнэлж, харгалзаж үзсэн гэж бодож байгаа вэ?

Америк сургуулиудын нэг онцлог нь өргөдлийг харахдаа хэлний оноо эсвэл SAT оноо нь өндөр байна зэрэг ганц шалгуураар тэнцүүлдэггүй. Үүнээс гадна эссэ, багш нарын тодорхойлох захидал зэрэг олон талаас нь хардаг учраас яг энэ нь миний давуу тал байсан гэж нэг зүйлийг нэрлэхэд хэцүү.

Юуны түрүүнд сургууль талаас нөлөө их байсан гэж бодож байна. Сант сургууль нь Advanced Placement (AP) хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөр бид Монголдоо сурч байсан хэрнээ гадаадын өндөр хөгжилтэй орнуудын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийг үзэх боломжтой байсан гэсэн үг. Хөтөлбөрт хамрагдсанаар хичээлүүдийг англи хэл дээр үзэж, шалгалтуудаа өгч, их сургуульд элсэх өргөдөлдөө энэ хөтөлбөрт хамрагдаж, шалгалтын оноогоо оруулсан нь эергээр нөлөөлсөн байх. AP хөтөлбөрийн өөр нэг давуу тал нь хамрагдсан хичээлүүдийнхээ кредитийг орох их сургуульдаа тэнцүүлж болдог учраас их сургуульдаа элсээд өөр нэмэлт хичээл судлах, 2 мэргэжил эзэмших зэрэг илүү боломж нээгддэг онцлогтой. Миний хувьд Сант сургуульдаа нийт 4 төрлийн AP хөтөлбөрт хамрагдсан. Энэ жил компьютерын шинжлэх ухааны хөтөлбөрт хамрагдаж байгаа.

Хоёрдугаарт хувь хүн талаас олон улсын физикийн олимпиадад 2021, 2022 онд оролцож, хүрэл болон мөнгөн медаль хүртэж байснаа буюу гаргасан амжилтаа өөрийнхөө хүсэл, зорилго, ирээдүйн төлөвлөгөөтэйгөө холбож, тайлбарласан нь нөлөөлсөн болов уу. Үүнээс гадна миний хувьд хичээлээс бусад цагаар ахлах ангийн сурагчдад математик, физикийн хичээл заах сонирхолтой, зааж байснаа онцолж харуулахыг хичээсэн. Нөгөө талаас миний эссэнүүд сайн болсон байж магадгүй. Багаасаа монгол болон англи хэлээр ном уншиж, бичих чадвараа сайжруулахаар хичээж ирсэн бөгөөд ер нь бичих дуртай.

зураг
 

-Математик, физикээр гүнзгийрсэн зарим хүүхдүүд зөвхөн нэг зүйлдээ төвлөрөөд бусад буюу хэлний болон хүнтэй харилцах зэрэг чадваруудаа хөгжүүлэхгүй байх тохиолдол байдаг. Физикийн олимпиадад тогтмол оролцож, бэлдэхийн хажуугаар англи хэл болон бичих, ярих чадвараа хэрхэн хөгжүүлсэн бэ?

Надаас хүүхдүүд олон улсын медальтай учраас чамд том сургуулиудын урилга ирсэн үү гэж их асуудаг. Дээр дурдсанчлан элсэж ороход ганцхан олимпиадын амжилт хангалтгүй. Тийм болохоор англи хэлээ сайжруулахад анхаарсан. Төрөлх хэл дээрээ унших бичих чадвараа сайн хөгжүүлсэн нь цаашид англи хэлээр бичих чадвараа сайжруулахад суурь нөлөө үзүүлсэн байх аа. Мөн багаасаа ном унших дуртай байсан дээрээ тулгуурлаж олон төрлийн номыг англи хэл дээр уншсанаар хэлний чадвар сайжирсан гэж боддог. Тухайлбал 2019 оны үед сошиал медиад жилд 54 ном унших чалленж явж байгааг олж хараад дуурайж 7 хоногт 1 ном уншихыг зорих гэх мэтээр өдөр тутмын амьдралын хэмнэлдээ өөрчлөлт оруулах, дадал суулгах зэрэг аргаар хэлээ сайжруулж ирсэн гэж хэлж болно. Мөн хичээлийнхээ хажуугаар спорт, ялангуяа таеквандогоор хичээллэдэг байсан. Гэр бүлийнхний дэмжлэг их байсан буюу намайг багаас маань спорт, урлаг гээд олон талаар хөгжүүлж, анхаарч ирсэнд баярладаг. 

“Физикээр сурах, ирээдүйн зорилгодоо төвлөрч, анхаарна”

-Танай сургуулийн хүүхдүүдийг хараад байхад жил бүр MIT зэрэг том сургуулиудад элсэж, олон улсын олимпиадаас медаль их авдаг. Сургуулийн тэр орчин мотивац болдог байх?

зураг
 

Би бэлтгэл ангиасаа Сант сургуульд элсэж, суралцсан. Манай сургуульд мотивац болох суралцах орчин сайн бүрдсэн байдаг. Ахлах ангид ороод ирэхээр зөвлөх багш нар гадаадын том их сургуулиудад орох талаар зөвлөн тусалж, өмнөх жилүүдэд сургуульд амжилттай тэнцсэн хүүхдүүдийн талаар жишээ болгох, тэдний туршлагаас солилцох гээд мэдээллээр дүүрэн. Жишээ нь физикээр өмнөх жилд тэнцсэн, өргөдөл явуулсан хүүхдүүд, найзууд маань эргэн тойронд байсан учраас тэндээс их мэдээлэл, туршлага олж авснаа онцолж хэлмээр байна. Ялангуяа өмнөх жилүүдэд Сантад сурч байгаад MIT-д тэнцсэн Х.Цэрэнчимэг, Д.Итгэл зэрэг олон төгсөгчөөс урам зориг авдаг.

Энэ онд манай ангийн найзууд, Сант сургуулийн өмнөх жилийн төгсөгчдөөс том том их сургуулиудад олон хүүхэд тэнцсэнд баяртай байгаа. Тухайлбал Э.Барсболд найз маань Yale-ийн их сургуульд тэнцсэнийг сонсоод өөрөө сургуульд тэнцсэнээс илүү баярлаж хүлээн авсан. Мөн манай ангиас California Institute of Technology (Caltech), University of Washington, Duke University (Kunshan), Tsinghua University зэрэг том сургуулиудад тэтгэлэгтэй тэнцсэн хүүхдүүд олон бий. Үүнээс гадна манай сургуульд нийгмийн идэвхтэй олон хүүхдүүд байдаг. Бид нар хамтдаа олон нийтийн ажил, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцдог.

-Энэ намар их сургуульдаа явах сонирхолтой аялал хүлээж байна. Догдолж байна уу?

Гэрээ орхиод явж байгаа гэдэг утгаараа бага зэрэг айдас байгаа ч маш их догдолж, баяртай байгаа.

-Туршлагаа хуваалцаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсэж байна.

Баярлалаа. Намайг үргэлж дэмжиж ирсэн гэр бүл, сургуулийн хамт олондоо талархаж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.