Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

OpenAI компани ChatGPT системийн залгамжлагч GPT-4 хувилбарыг танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед дэлхийн технологийн ертөнцийг шуугиулж буй ChatGPT хиймэл оюуны системийн GPT-4 шинэ хувилбарыг OpenAI компани танилцуулжээ.

Шинэ хувилбар нь зураг дүрстэй ажиллах чадвартай болсон байна. Жишээлбэл хоолны гэрэл зургийг таниад холбогдох жорыг санал болгох гэх мэт үйлдэл гүйцэтгэдэг болжээ.

Мөн 25,000 хүртэл үгтэй текстийг боловсруулах чадвартай болсон нь өмнөх ChatGPT хувилбараас найм дахин өндөр үзүүлэлттэй гэсэн үг юм.

ChatGPT системийг 2022 оны арваннэгдүгээр сард анх зах зээлд танилцуулснаас хойш олон сая хүн хэрэглэдэг болоод байгаа.

Хүмүүс дуу, шүлэг зохиолгох, маркетингийн зориулалттай мэдээ бичүүлэх, компьютерын код бичүүлэх, гэрийн даалгавар хийлгүүлэх зэрэг хүсэлтүүдийг ChatGPT системээр голлон гүйцэтгүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор хиймэл оюуны энэ систем ирээдүйд олон ажлын байрыг хүмүүсээс булаах вий гэсэн айдас хүртэл бий болоод байгаа.

OpenAI шинэ GPT-4 хувилбараа зургаан сарын хугацаанд туршсан ч алдаатай хариулт өгөх магадлал бүрэн арилаагүйг анхааруулжээ.

GPT-4 нь эхний ээлжид сарын $20-ын хураамж төлдөг ChatGPT Plus ангиллын хэрэглэгчдэд хүрэх юм байна.

OpenAI компанид технологийн аварга Майкрософт $10 тэрбумын хөрөнгө оруулснаар өөрийн Bing онлайн хайлтын платформд ChatGPT системийг ашигладаг болоод байгаа.

GPT-4 нь ChatGPT-ийн нэгэн адил “generative” төрлийн хиймэл оюуны систем юм. Ийм систем нь тусгай алгоритм, урьдчилан таамагласан (predictive) текст мэдээллийн тусламжтайгаар хүмүүсийн асуултад хамгийн оновчтой хариултыг бүтээдэг.

 

Эх сурвалж: BBC