Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсын зуучлалаар Саудын Араб, Иран улсууд дипломат харилцаагаа сэргээхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Долоон жилийн өмнө тасалсан дипломат харилцаагаа сэргээхээр болсныг Ойрх Дорнодын хүчтэй өрсөлдөгч орнууд болох Саудын Араб, Иран улсууд өчигдөр зарлажээ.

Даваа гарагт Хятадын нийслэл Бээжин хотод эхэлсэн хоёр улсын яриа хэлэлцээ Баасан гарагт өндөрлөж, гурван улс хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Яриа хэлэлцээг зуучилсан Хятад улсын хувьд энэ нь гадаад бодлогын томоохон ялалт болсон гэж ажиглагчид дүгнэжээ.

“Хэлэлцээний үр дүнд Иран, Саудын Араб улсууд хоёр сарын дотор дипломат харилцаагаа сэргээж, элчин сайдын яамдаа нээхээр тохиролцлоо” гэж Ираны IRNA агентлаг мэдээлсэн байна.

“Өнөөдрийн дэлхий ертөнцийн ганц асуудал Украин биш болохыг энэ үйл явдал харууллаа. Бид энх тайван, хүмүүсийн сайн сайхантай холбоотой олон асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх шаардлагатай тулгардаг. Тэдгээрийн нарийн төвөгтэй байдал, хүндрэлээс үл хамааран тэгш эрх, харилцан хүндлэлийн үндсэн дээр яриа хэлэлцээгээр шийдвэрлэх боломжтой юм” гэж Хятадын тэргүүлэх дипломатч Ван И хэлснийг тус улсын гадаад хэргийн яамны вэб сайтад мэдээлжээ.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Саудын Араб улсад Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин айлчилсан бол Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси өнгөрсөн сард Хятад улсад айлчилсан юм.

Эдгээр айлчлалуудын дараа хоёр улсын яриа хэлэлцээ эхэлсэн байна.

2016 онд Саудын Арабын эрх баригчид Исламын Шийт урсгалын нэг зүтгэлтнийг цаазалсны дараа Тегеран дахь тус улсын элчин сайдын яамны байр халдлагад өртсөн юм. Энэ үйл явдлын дараа хоёр улс дипломат харилцаагаа тасалж байв.

Иран улс нь Исламын шашны Шийт урсгалын төв юм.

Яриа хэлэлцээг зуучилж, зохион байгуулсан БНХАУ-ын засгийн газар, удирдлагуудад хоёр улсын төлөөлөгчид талархал илэрхийлсэн тухай Саудын Арабын Saudi Press Agency мэдээлжээ.

Иран улсын Үндэсний Аюулгүй Байдлын Дээд Зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани, Саудын Арабын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөх Мусаед бин Мохаммед Аль-Айбан нар талуудын төлөөлөгчдийг ахалсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн Цагаан ордон энэхүү яриа хэлэлцээ найдвартай хэрэгжих эсэхэд эргэлзэж байгаагаа мэдэгджээ.

“Ираны тал хүлээсэн үүрэгтээ хүндэтгэлтэй хандах эсэхийг харах л үлдлээ” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Саудын Арабын тал энэхүү яриа хэлэлцээний талаар мэдэгдэж байсан ч АНУ шууд оролцоогүйг тэр бас мэдээлсэн байна.

Кирби мөн дээрх яриа хэлэлцээнд дан ганц Хятад улс нөлөөлсөн эсэхэд эргэлзэж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.

“Ираныг хэлэлцээний ширээний ард суулгахад хүргэсэн ганц хүчин зүйл нь Хятадын санаачилга биш. Үүнд бас Иранд тулгараад буй дарамт шахалт нөлөөлсөн гэж бид үзэж байна. Хятад улс өөрийн ашиг сонирхлын үүднээс дэлхийн өөр өөр бүс нутагт байр сууриа бэхжүүлэх гэсэн оролдлогыг бид ажигласаар байх болно. Өнөөдрийн үйл явдал нь Багдад, Оман зэрэг газарт болсон олон удаагийн яриа хэлэлцээний үр дүн гэж бид харж байна. Бид энэ үйл явцыг үргэлж дэмжсээр ирсэн” гэж тэр хэлсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press