"Улаан ном"-д бүртгэгдсэн нэн ховор ургамал болох вансэмбэрүү цэцгийг хууль бусаар худалдаж байсныг илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Тодруулбал, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан вансэмбэрүү (saussurea involucrata) гэх цэцэгт ургамлыг иргэн Д нь гар дээрээс худалдан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байна.
Урьдчилсан байдлаар тухайн иргэн нь вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1.2 килограммыг хурааж авсан. Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар иргэн, ААН, байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар эрх зүйн зохицуулалттай байдаг.
Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд, Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!