ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалт болон ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэхтэй холбогдуулан зөвлөмж, мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа "Томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байна. Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хүний бөөгнөрлийг аль болох сааруулах. Учир нь амьсгалын замын халдвар нэмэгддэг. Удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр нь байлгах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин дэм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлдэг. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтой.
Мэс заслын буюу нэг удаагийн маскийг 2 цаг зүүгээд солино. Харин шүүлтүүртэй маскийг 8 цаг зүүж болно. Маск зүүх нь ханиаж, найтаах үед агаарт гарч байгаа шүүрлүүдийг бусдад халдаахаас сэргийлдэг" гэв.
Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр бага насны хүүхэд нас барсан тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлэгт нэг, Орхон аймагт нэг бүртгэгдсэн болохыг" тэрбээр мэдээллээ.
"Манай улсад коронавирусийн халдвараар 11 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 16 хүн хяналтад байна. 16 сорьцын 15-д нь Омикроны B.Q1.2 дэд хувилбар, нэг сорьцод BA.5.2 гэдэг хувилбар илэрсэн" болохыг ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!