Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Галбаатар: Сүлжээ хязгаарлах, зөрчилтэй гэх нэрийн дор контентын тархцыг бууруулах нь ноцтой үр дагавартай

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг өчигдөр BlueSky зочид буудлын Топаз танхимд боллоо.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд олон нийтийн анхаарлыг татаад буй “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-ийн хэрэгжилтийн талаарх Хүний эрхийн үндэсний комиссын референт Б.Галбаатарын байр суурийг тодрууллаа. 

-“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-ийн талаар ХЭҮК ямар байр суурьтай байна вэ?

-Цахим орчинд хүний эрхийг хамгаалах асуудал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, тусгай илтгэгчийн хүрээнд холбогдох зөвлөмж гаргасан байдаг. Үүний дагуу 2018 онд цахим орчин дахь контентыг зөвхөн шүүхийн шийдвэрээр хязгаарлах ёстой гэсэн байдаг. Нөгөө талаараа интернэттэй байх, интернэтийн чөлөөтэй хэрэглэх нь хүний эрх гэдгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгайлан тогтоол гаргаж, улс орнуудад зөвлөмж болгосон.

Тэгэхээр манайх хүний эрхийг дагаж мөрдөнө гэж байгаа бол дээр дурдсан олон улсын байгууллагын хүний эрхийн зөвлөмжийг дагаж мөрдөх ёстой. Гэтэл дээрх зөвлөмжүүдэд нийцэхгүйгээр манай хууль батлагдлаа гэж үзэж байна.

Контент гэдэг бол цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө юм. Тэгэхээр контентыг хязгаарлах, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хоёр шууд хамааралтай болж байна. Хүний эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ авах эрхтэй ганц байгууллага бол шүүх юм. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага авах ёсгүй. Тэгэхээр шүүхийн хяналтаас гадуур энэ хуулийн процесс явах эрсдэлтэй. 

Өөр нэг зүйл байгаа нь олон нийтийн дэг журмыг алдагдуулж болзошгүй, кибер халдлага гарч болзошгүй гэдэг үндэслэлээр зөрчилтэй контентын тархцыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хязгаарлах арга хэмжээ авна гэдэг чинь интернэтийг хаах гэсэн үг шүү дээ. Болзошгүй гэх үндэслэлээр интернэтийг хязгаарлах нь хүний эрхийн хэмжээндээ нийцэшгүй болж байгаа юм. Үүнийг нийцүүлэх шаардлага байгаа. 

-ХХЗХ-ноос энэ хуулийн хүрээнд бид зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэнэ. Фэйсбүүк шийдвэрлэх яаж гэсэн нь яаж зохицуулагдах вэ?

-“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-д ногоон суваг Фэйсбүүкт дамжуулна. Гэхдээ энэ хуулийг дагалдаад Харилцаа холбооны тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт орсон. Энэ хоёр хуульд зөрчилтэй контентын тархцыг бууруулах, харилцааны холбооны сүлжээг хязгаарлах арга хэмжээ авна гэж орсон. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд ийм зүйл ороогүй. 

Дагалдаж гарсан хоёр хуулийн Кибер аюулгүй байдлын тухай хуульд Кибер аюулгүй байдлын зөвлөл гэж заасан байгаа. Үүнийг Ерөнхий сайд ахална, дэд даргаар ЦХХХ-ны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга хоёр ажиллана гэсэн зөвлөл байх юм. Энэ зөвлөл нь болзошгүй гэх үндсээр ажиллана гэж байгаа. Тэгэхээр хоёр өөр агуулга, хууль явж байна гэсэн үг. 

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль" нь Фэйсбүүк, үйлчилгээ эрхлэгч байгууллагатайгаа харилцаад явна. Монголдоо харилцаа холбооны сүлжээг хязгаарлах арга хэмжээ авах, зөрчилтэй гэх нэрийн дор контентын тархцыг бууруулах гэдэг нь дээрх хоёр хуульд нэмэлтээр орж байгаа юм. Энэ нь илүү ноцтой үр дагавартай зүйлүүд юм. 

-Та хүний эрхийн хэмжээнд нийцүүлэх шаардлагатай гэсэн. Тэгвэл яаж нийцүүлэх вэ?

-Нэгд кибер аюулгүй байдлын зөвлөл, олон нийттэй харилцах нэгжийн бүрэлдэхүүн нь хараат бусаар ажиллах ёстой. Цэвэр яамны ч юм уу ажилтан байж болохгүй. Хараат бусаар ажиллах хүн байвал асуудал нь арай өөр гэсэн үг. Үүнд ямар хүмүүс ажиллах вэ гэдэгт анхаарал хандуулах ёстой.

Хоёрт харилцаа холбооны сүлжээг хязгаарлах үндэслэл авч буй болзошгүй гэх үндэслэлийг өөрчлөх ёстой. Болзошгүй биш бодитой, хангалттай үндэслэл бүрдсэн үед гэдгээр өөрчилнө гэсэн үг. Жишээ нь нийгмийн дэг журам алдагдаж болзошгүй гэхээр 10, 20 хувийн болзошгүйгээр харилцаа холбооны сүлжээг хязгаарлах гээд байна. Харин 90-ээс дээш хувийн бодит үндэслэлтэй үед хязгаарлах арга хэмжээ авах ёстой. Одоогийн болзошгүй гэдэг хэдэн ч хувь байж болно. Хангалттай, бодитой, үндэслэлийн цаана 90-ээс дээш хувийн магадлалтай үед ажлыг хийх ёстой байдаг. Тэгэхээр болзошгүй гэдэг үгийг хангалттай бодитой үндэслэлтэй гэж солих хэрэгтэй байна. 

-Энэ хуулийг боловсруулахдаа ХЭҮК-ын саналыг авсан уу?

-ХЭҮК-оос санал аваагүй. Нэгдүгээр сарын 17-ны өдөр зөвхөн эхний үндсэн төслөө танилцуулсан. Хүний эрхийг хязгаарлаж байгаа харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт кибер аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлтийг огт танилцуулаагүй байсан. Нэгдүгээр сарын 18-нд олон нийтэд өргөн барьсны дараа бүрэн хэмжээнд танилцсан гэсэн үг.