Эрүүл мэндийн 13А маягтыг цахимаар өгдөг болох гэж байгаа. Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын/ЭМДЕГ/ дарга Л.Бямбасүрэн "Манай байгууллага 2,348 эрүүл мэндийн байгууллагатай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээтэй ажиллаж байна. Тусламж үйлчилгээг бодит цагийн горимоор цахимаар явуулдаг.
ЭМД-ын шимтгэлийн төлөлтийг харах, төлөх боломжийг цахим системд оруулсан. Цаашид E-Mongolia системд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан мэдээллийг харуулдаг болгоно.
13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Уг асуудлаар гараад байгаа зөрчлийн тухайд, зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлчхээд дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үйл ойлголцох асуудал үүсгээд байгаа.
Анхан шатны эрүүл мэндийн байгууллага 13А маягтыг бичиж, илгээгээд иргэд ЭМДЕГ-тай гэрээтэй дуртай эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжтой юм.
2021 онд 13А маягтыг бүрэн цахимжуулах сервисийг бэлэн болгосон. Төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн платформоор явах учраас хүлээгдэж байгаа" хэмээн ярилаа.
ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн "Сүүлийн нэг жилийн хугацаанд ЭМЯ, ЦХХХЯ хамтран эрүүл мэндийн 19 үйлчилгээг E-Mongolia системээс авдаг болгосон. Хамгийн сүүлд иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтийг оруулсан.
13А маягтыг цахим хэлбэрээр олгохоор хоёр сар туршилт хийсэн. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны 535, төрөлжсөн лавлагаа түвшний 48, хувийн хэвшилтэй нийлээд 4,300 гаруй эрүүл мэндийн байгууллагатай.
Туршилтын хугацаанд нэг том шаардлагатай тулгарсан. Учир нь маягтын араас иргэний шинжилгээний хариу, онош гээд олон зүйл байдаг учир БИГ дата үүсгэх болсон. Үүнтэй холбоотой дэд бүтэц, серверийн асуудлыг ЦХХХЯ шийдэж өгнө гэж байна. Туршилтууд амжилттай хийгдсэн. Монгол Улс 10,600 онош дээр эргэж байгаа, эдгээрийг кодолсон. Энэ асуудлаар гуравдугаар сарын 1-ний дотор журамд өөрчлөлт оруулна.
Эрүүл мэндийн салбар улсын хэмжээнд БИГ дата үүсгэх салбар. Бүх мэдээллийг цахимжуулъя гэвэл хоёр сая гаруй ам.долларын хүчин чадалтай серверүүд хэрэгтэй" гэв.
ЦХХХ-ны сайд Н.Учрал "Энэ оны хоёрдугаар улиралд багтаан 13А маягтыг цахимаар хүлээн авдаг болоход ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэн хэрэглээнд нэвтрүүлнэ" хэмээн мэдэгдээд байгаа юм. Харин холбогдох албаныхан уг ажлын явцын талаар ийнхүү мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!