Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын 2023 оны санхүү, эдийн засгийн ТӨЛӨВ

ikon.mn
2023 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас ашиглав

Монгол Улсын 2023 оны санхүү, эдийн засгийн төлөвийн талаар санхүүч Г.Батжаргалын бичсэн нийтлэлийг хүргэж байна.


2023 онд ерөнхийдөө огцом өөрчлөлт /сэргэлт, бууралт/ гарахгүй болов уу.

Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан төсөвт эдийн засгийг дорвитой урагшлуулах, экспортын гарцыг улам нэмэгдүүлэх, уул уурхайн хамаарлыг бууруулах зүйлс суугаагүй. Соёлын сайддаа Эрчим хүчний сайдаасаа илүү төсөв баталж өгч байгаа нь 2024 оны сонгуульд бэлдсэн халамж, улиг болсон жижиг сажиг бүтээн байгуулалт. Ингээд хүмүүсийн илүү сонирхдог хэсэг тус бүр дээр бодлоо хуваалцъя.

Бодлогын хүү

Бодлогын хүү одоогийн төвшинд /13%/ хэвээр хадгалагдаж байгаад гуравдугаар сараас 1-2 нэгж хувиар буурч магадгүй. Учир нь инфляцыг бууруулж мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлого үр дүн муутай байна гэж харж байна. Хэрэв үр дүнгээ өгсөн бол банкнуудын ТБҮЦ-ны хэмжээ нэмэгдэж одоогийн 4.3 их наядаас өсөх байсан. Нэгэнт эргэлдэх мөнгөний хэмжээ бага байхад хүү өсгөх нь хадгаламж бонд, зээл гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийн өртгийг нэмэгдүүлж байна. Инфляц импортоор илүү орж байгаа тул USD ханшийн өсөлт рүү чиглэсэн.

Зээл

Дээр дурдсан банкуудын ТБҮЦ-ны хэмжээ 4.3 их наяд байгаа нь банкнуудад зээлийн хангалттай төвшинд гаргах эх үүсвэр байхгүйг харуулж байна. Тэд зээл төлөлтдөө илүү анхаарч, эргэн төлөлтөөр удаан болон сайн харилцагч нартдаа зээл олгохыг тэргүүнд тавина. Мөн хоёр байгууллага Төв банкнаас зөвшөөрөл авч иргэдийн зээлд хэрэгтэй скоринг буюу үнэлгээ хийгдэх ажлууд улам идэвхжих байх. Энэ нь банк болон ББСБ-уудын зээл олголт, эргэн төлөлтөд эерэг нөлөөтэй. Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооноос аппликэйшн зээлүүдэд өр орлогын харьцаа тооцож эхлэх болсон нь нэгээс авч нөгөөд төлдөг зээлдэгч нарт захилга бат суулгах арга хэмжээ болно гэж үзэж байна.

Ханш

Нүүрсний хэмээх ажиллагааны хүрээнд нүүрсний экспорт, орлого сүүлийн саруудад нэмэгдэж ГВАН 3.3 тэрбум долларт хүрсэн. Мөн урд хөрш нилээ нээж байгаатай холбоотой хилийн гаалийн асуудал харьцангуй тогтвортой байх хандлагатай байна. Энэ нь гадаад валютын орох урсгалд сайн нөлөөтэй. Гэвч гарах урсгал дээр бид энэ жил Гэрэгэ бондыг тавдугаар сард, Хөгжлийн Банкны гадаад бондыг аравдугаар сард нийт 1.1 тэрбум долларын төлбөр төлөх шаардлага бий. Байгаа нөөцөөсөө шууд төлөх боломжгүй тул дахин санхүүжилт хийж таарна.

Харин өмнө авсан хүүгээсээ өндөр зардал төлж л таарна. Олон улсад хүүний төвшин бүгд өссөн бол төсвөө тогтмол алдагдалтай баталж түүнийгээ өрөөр санхүүжүүлдэг манай орны хувьд олон улсын зээлжих зэрэглэл хамгаас чухал бөгөөд одоо байгаа төсвийн бодлогоор уг зэрэглэлийг сайжрах үндэслэл алга. Экспорт ашигтай гарч байгаа ч урсгал данс хоёрдугаар улиралд 2.2 тэрбум, гуравдугаар улиралд 1.4 тэрбум гэх мэт тогтмол алдагдал хүлээж байгаа нь төгрөгт дарамт болсоор байна.

Нөгөө талд оны дундуур Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсноор орох урсгал нэмэгдэх эерэг тал харагдаж байна. Иймд улс төр, эдийн засгийн томоохон амлалт, хил гаалийн асуудал үүсчихгүй бол USD/MNT ханшийн өөрчлөлт 4-5 хувийн хооронд байх болов уу.

Инфляц

Энэ маань аажим буюу нэлээн дургүй л буух байх. Мөн өндөр хувиар буурах боломж харагдахгүй байгаа нь Олон улсын санхүүгийн байгууллагууд, Төв банкны Ерөнхийлөгчдийн мэдэгдлүүдэд харагдаж байна. Жишээ нь энэ жил махны үнэ харьцангуй бага байгаа боловч инфляц буурахгүй байгаа нь гадаадаас буюу импортын бараа бүтээгдэхүүнээр дамжих нөлөө 54-55 хувь байхад инфляцыг бууруулахад төвөгтэй.

Ипотекийн зээл

Монголбанк энэ хөтөлбөрөөс гарч санхүүжилтийг Засгийн газар руу шилжүүлэх санал гаргасан ч энэ жилийн төсөвт суугаагүй. Тиймээс эргэн төлөлтөөрөө буюу 2016-2019 онууд шиг л үргэлжлэх байх. Оочер дугаар, хүлээлт их гэх мэт. 

Татвар

Татварын орлого нэмэгдэх байх. 1,300 хүнд зориулсан гэх шатлалтай татварын систем нь цалин болон түүнтэй адил орлого хамаарна гэж ойлгож болно. Тиймээс үнэн хэрэгтээ хувийн дансаар орлого олдог худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зардлаа нотолж чадвал ашгаасаа, чадахгүй бол орлогоосоо татвар төлж эхэлнэ гэсэн үг. Татварын алба тэдний дансны мэдээллийг санхүүгийн байгууллагуудаас аль хэдийн аваад эхэлсэн.

Банкнаас бусад зах зээл

Сүүлийн хоёр жилд хадгаламж, зээл буюу банк давамгайлсан зах зээлээс бусад альтернатив санхүүгийн хэрэгслүүд шинээр гарч хүмүүсийн сонирхлыг илүү татаж байгаа, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа нь сайн зүйл гэж харж байна. Тухайлбал, финтекийн үйлчилгээ, хөрөнгөөр баталгаажсан үнэ цаас, OTC маркет дээрх бондууд, хөрөнгө оруулалтын хаалттай, нээлтэй сан гэх мэт банканд хадгаламж байршуулахаас өндөр өгөөжтэй, банкнаас зээл авахад хурдан, хялбар байгаа зах зээлийн оролцогч нарт хүрч байна.

Энэ нь СЗХ-ны зохицуулалтын орчны хүртээмж сайжирсан, мэргэжлийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа үр дүн бөгөөд 2023 онд мөн энэ төрлийн бүтээгдэхүүнийг улам өргөжих, банкнаас бусад санхүүгийн зах зээл өргөжих хандлагатай байна.

Эцэст нь хэлэхэд манайх шиг өдөр бүр шинэ сенсацтай амьдардаг хүмүүс эр зоригоороо л урагшлах юм. Гадаад, дотоодын томоохон шок үүсчихгүй л амьд хүмүүс байгаа хойно ДНБ 3-4% өсчих байх.