Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр олон улсын Хүний эрхийн өдөр

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр баталж байв.

Энэхүү өдрийг хүн бүрийн төрөхөөсөө эдлэх эрх, эрх чөлөөг тунхаглан зарласан түүхэн өдөр хэмээн үзэж, жил бүр Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 

Хүн бүр төрөхөөсөө бүхий л эрх, эрх чөлөөг яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг,  улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой юм. 

Уг түүхэн өдөртэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг "Хүний эрхэм чанар, эрх чөлөө, шударга ёсыг хүн бүрд" уриан дор тэмдэглэх НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын уриалгыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс дэмжин нэгдэж байгаагаа илэрхийлэв.

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.

Ерөнхий Ассамблей,

Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхаглаж байна.

1 дүгээр зүйл Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.

2 дугаар зүйл Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжид байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй.

3 дугаар зүйл Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.

4 дүгээр зүйл Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.

5 дугаар зүйл Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.

6 дугаар зүйл Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.

7 дугаар зүйл Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.

8 дугаар зүйл Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.

9 дүгээр зүйл Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй.

10 дугаар зүйл Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.

11 дүгээр зүйл

  1. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.
  2. Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.

12 дугаар зүйл Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.

13 дугаар зүйл

  1. Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.
  2. Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.

14 дүгээр зүйл

  1. Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугтаж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй.
  2. Улс төрийн бус гэмт хэргийн улмаас буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимд харш хэрэг үйлдсэний улмаас зайлшгүй мөрдөгдөж буй тохиолдолд дээрх эрхийг эдлэж үл болно.

15 дугаар зүйл

  1. Хүн бүр иргэний харьяалалтай байх эрхтэй.
  2. Аливаа хүний иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлах ёсгүй.

16 дугаар зүйл

  1. Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдэлнэ.
  2. Нөхөр, эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно.
  3. Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж мөн бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.

17 дугаар зүйл

  1. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.
  2. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.

18 дугаар зүйл Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана.

19 дүгээр зүйл Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.

20 дугаар зүйл

  1. Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй.
  2. Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.

21 дүгээр зүйл

  1. Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.
  2. Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй.
  3. Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно.

22 дугаар зүйл Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй.

23 дугаар зүйл

  1. Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй.
  2. Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй.
  3. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй.
  4. Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй.

24 дүгээр зүйл Хүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.

25 дугаар зүйл

  1. Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.
  2. Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.

26 дугаар зүйл

  1. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авьяас чадвартай нь уялдан хүн бүрд дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой.
  2. Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахиулах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой.
  3. Хүүхдэдээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдэлнэ.

27 дугаар зүйл

  1. Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй.
  2. Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

28 дугаар зүйл Хүн бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдэлж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй.

29 дүгээр зүйл

  1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана.
  2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй.
  3. Эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимтай хэрхэвч зөрчилдүүлж болохгүй.

30 дугаар зүйл Энэхүү Тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг устгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах буюу тийм үйлдэл хийх эрх олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж болохгүй.