Б.Амарсанаа: Улаанбаатарын ундны ус цэнгэгээс цэнгэг буюу маш сайн ангилалд багтаж байна
Судлаачид Монгол орны ундны усны чанарын судалгааг 2019-2022 оны хооронд хийсэн байна.
Тодруулбал, Монгол Улсын 21 аймгийн 360 сум, суурин газар, хилийн боомт, Улаанбаатар хотын есөн дүүрэг, төмөр зам дагуух 128 өртөө, зөрлөг, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн гүний худаг, уст цэг хамрагдаж судалгааны ажилд зориулж 3,582 сорьц авчээ.
Энэ талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Амарсанаагаас тодруулсан юм.
Тэрбээр "Манай улсын хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд ундны усыг зохицуулдаг долоон станц тодорхой эх үүсвэрүүдээс хангагддаг. Ус сувгийн удирдах газар энэ бүхнийг хянан зохицуулдаг бөгөөд усан санд хуримтлуулж ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа төвийн шугамд холбогдон нийтэд түгээдэг.
Монгол орны ундны усны чанарын судалгааны үр дүнгээс харахад нийслэлийн ундны ус цэнгэгээс цэнгэг буюу маш сайн ангилалд багтаж байна. Харин гэр хорооллын зарим гүний худгийн ус чанарын шаардлагад нийцээгүй.
Хүн амын эрүүл мэндийн гол амин судас бол ундны ус. Өөрөөр хэлбэл, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад ундны усны чанар, аюулгүй байдал нэн чухал. Тиймээс ч ундны усны эх үүсвэрүүдийг хамгаалах асуудал давхар яригдана. Тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн орчимд гүний усны хамгаалалт руу нэвтэрч, халдаж орсон барилга байгууламж, үйлдвэрлэл байгаа нь хүн амын ундны усны баталгаат байдлыг алдагдуулахад нөлөөлж буй. Энэ нь эдийн засагт тодорхой хэмжээний дарамт үүсгэхээс гадна элдэв төрлийн өвчний эх үүсвэр болох эрсдэлийг бий болгох аюултай" гэдгийг хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
