Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээ №9 “Ард Кредит ББСБ” ХК

ikon.mn
2022 оны 12 сарын 2
iKon.MN
зураг
 

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

“Ард Кредит ББСБ” ХК харааны бэрхшээлтэй иргэн ажиллуулж эхэлснээр олон эерэг өөрчлөлтүүдийг бий болгож байна

“Байгууллага дотроо төдийгүй харилцагч байгууллагууддаа хөгжлийн бэрхшээлийн талаарх зөв ойлголт, эерэг хандлагыг түгээнэ”

зураг
 
Төрөлхийн харааны бэрхшээлтэй Ө.Мөнхтөр байгууллагадаа эерэг хандлага, зөв ойлголтыг түгээж байна

Айдсаа даван туулж, мөрөөдлөө биелүүлсэн

Салбарын хөгжлийг түүчээлэх Алсын хараа бүхий Ард Кредит ББСБ ХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн компанийн нэг бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох, эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг тасралтгүй сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, зохистой ажлын байр бий болгох, тэгш бус байдлыг бууруулах зэрэгт онцгойлон анхаарч ажиллаж ирсэн байна.

зураг
 
Мөрөөдлийн ажлаа хийж буй Ө.Мөнхтөр. Өдгөө “Ард Кредит ББСБ”-ийн зээлийн газарт хичээнгүйлэн ажиллаж байгаа

Хотын төвд Централ тауэрт байрлах “Ард Кредит ББСБ”-ийн оффист зээлийн мэргэжилтнээр эрч хүч дүүрэн ажиллах  залууг Ө.Мөнхтөр гэдэг. Төрөлхийн харааны бэрхшээлтэй тэрбээр “Ард Кредит ББСБ” ХК-ийн анхны хөгжлийн бэрхшээлтэй үндсэн ажилтан юм.

Ө.Мөнхтөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрж өссөн. Сонирхлынхоо дагуу эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Сургуулиа төгсөөд банканд ажиллах мөрөөдлөө биелүүлэхийн тулд нэлээд хэдэн газарт ажлын ярилцлагад орсон боловч “Харахгүй учраас мөнгө тоолох боломжгүй шүү дээ” гэсэн шалтгаанаар тэнцдэггүй байсан гэнэ. Харааны бэрхшээлтэй гэдгээсээ болж хүссэн ажилдаа орж чадаагүй түүний хувьд сэтгэлээр унах үе цөөнгүй байжээ.

2016 онд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд хоёр жилийн хугацаанд компьютерын чиглэлээр суралцаж төгсөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дуудлагын төвд ажилд оржээ. Мэргэжлийнхээ дагуу банканд ажилд орж чадаагүй ч хүсэл мөрөөдлөө дотроо тээсэн хэвээр байв. Амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг банкны салбарынханд зориулсан бүхий л өдөрлөг, арга хэмжээнд алгасалгүй оролцдог байжээ. 2017 онд Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулганы үеэр “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцах боломж олдож, үнэт цаас болон хувьцаа сонирхдог талаараа яриа өрнүүлсэн боловч дахиад л харааны бэрхшээлтэй хэмээн татгалзсан хариу авах болов уу гэсэн айдаст автан “танай компанид ажиллах хүсэлтэй явдаг” гэдгээ хэлж зүрхлээгүй гэнэ.

Харин нэг жилийн дараа буюу 2019 оны 2 сард мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа хийжээ. Айдсаа ардаа үлдээж, “Ард Кредит ББСБ”-ийн дэргэдэх Харилцагчийн үйлчилгээний Төвд ажиллах сонгон шалгаруулалтад тэнцсэн юм. Тухайн үедээ баярлахын хажуугаар ажиллаж чадах болов уу гэсэн айдастай байсан учраас өмнөх ажлаасаа бүр мөсөн гаралгүй, долоо хоногийн түр чөлөө авав. Болохгүй бол буцаад очно доо хэмээн боджээ. Харин шинэ ажилдаа маш хурдан дасаж, нэг л мэдэхэд ихийг сурч мэдэх тэмүүллээр солигдов.

Чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажилласны ачаар 2020 онд “Ард Кредит ББСБ”-ийн зээлийн газарт мэргэжлээрээ ажиллах болжээ. Оюутан ахуй цагтаа сурч мэдсэн мэдлэгээ бүрэн дүүрэн ашиглан хамт олноосоо харилцан суралцаж буй. Байгууллагаас нь түүнд зориулж шаардлагатай бүхий л тохируулгуудаар хангаж өгчээ. Тухайлбал дэлгэц уншигчийн тусламжтайгаар и-мэйлээ шалгах, өргөн хэрэглээний программууд дээр ажиллах, хувьцааны талаар шинэ мэдээлэл авах зэргээр цахим орчинд ямар ч саадгүй чөлөөтэй ажиллаж байна.

Ө.Мөнхтөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хийхийг хүсдэг ажил, ирээдүйн мөрөөдөлтэй байдаг ч “Би хөгжлийн бэрхшээлтэй юм чинь чадахгүй дээ” гэсэн шалтгаанаар ямар нэгэн алхам хийхээс айдаг. Харин компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн зөв харилцах эсэхээ мэддэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль аль нь болохгүй бүтэхгүй гэсэн бэрхшээлүүдийн талаарх бодлоо авч хаях хэрэгтэй. Компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл амар, таатай ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, бэрхшээл бүрийн онцлогт тохирсон хэрэглэгдэхүүнээр хангаж өгвөл бид хичээнгүйлэн сайн ажиллах болно шүү дээ. Юуг чадахгүй байна, яагаад чадахгүй байна гэдгээ ухамсарлаж, өөртөө улам итгэх хэрэгтэй” хэмээн айдсаа даван туулж, мөрөөдлөө биелүүлсэн сэтгэл хөдөлгөм туршлагаасаа хуваалцсан юм.

Шинэ ертөнцтэй танилцах боломжийг олгосон

зураг
 
”Мөнхтөр ах надад шинэ ертөнцтэй танилцах боломжийг олгосон” хэмээн ярих Б.Барсболд

Ө.Мөнхтөртэй ширээ залган суух залууг Б.Барсболд гэдэг.

Түүнийг шинээр ажилд орох үед Ө.Мөнхтөр ээлжийн амралттай байж таарав. Нэг өдөр ажилдаа иртэл хажуу ширээнд залуу компьютерын гар тачигнуулан ажиллаж байх нь тэр. Тухайн үед “Дэргэдэх хүнтэйгээ яагаад мэндлэхгүй байгаа юм бол?, ажил ихтэй үнэхээр завгүй байгаа юм байна даа” хэмээн бодоод тоолгүй өнгөрөөжээ.

Харин удалгүй Ө.Мөнхтөр өөрийгөө танилцуулахад түүнийг бүрэн хараагүй гэдгийг мэдэв. “Мөнхтөр ах бүх хүнтэй найрсаг харилцаатай. Надад түүний алиа хошин зан их таалагддаг. Бид хоёр танилцаад удаагүй ч хоорондоо их дотно. Цайны цагаар харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан шатар эсвэл брайл үсэгтэй хөзрөөр хамт тоглоно. Тэр үргэлж цоглог, эрч хүчтэй байж эргэн тойрондоо эерэг хандлагыг түгээдэг. Хамт байхад үнэхээр хөгжилтэй хүн дээ. Түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж огтхон ч бодож байгаагүй” хэмээн ярив.

Өдийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамт ажиллаж, ойр байж үзээгүй учраас “Мөнхтөр ах надад шинэ ертөнцтэй танилцах боломжийг бий болгож, олон зүйлийг зааж ойлгуулсан. Тухайлбал лифтэнд хүрэх давхрын тоог төвөггүйхэн дарахыг хараад, анх удаа л лифтний цифр тооны доорх товгор тэмдэгтийг брайл үсэг болохыг мэдсэн гэнэ. Мөн харааны бэрхшээлтэй хүмүүс хуруугаа хүчтэй хавсарч дуугарган орчинд тархах цуурайгаас тухайн өрөөг хэр хэмжээтэй болохыг мэддэг гэсэн шүү.

Мэдэхгүй зүйлээ мэдэж авахын хажуугаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар тодорхой хэмжээнд ойлголттой болсон. Мөнхтөр ах бид хоёр ажлын шугамаар харилцагч нартайгаа уулзахын тулд гадуур явах тохиолдол цөөнгүй. Нэг өдөр явган хүний замаар алхаж явтал, Мөнхтөр ах гэнэт зогсчихлоо. Учир нь харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тактелин зам дундаасаа тасарчихсан байв. Улаанбаатар хот хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлгүй хот болохыг тэр үед л анзаарсан юм. Үнэхээр их урам хугарсан. Яагаад өмнө нь анзаарч байгаагүй юм бол, бодож байгаагүй юм бол” гэсэн бодол төрж билээ.

Мөн өөрт тохиолдсон бас нэг жишээг дурдмаар байна. Бид харилцагч нартайгаа ихэвчлэн утсаар холбогдож шаардлагатай мэдээллийг хүргэдэг юм. Зээлийн эргэн төлөлтийн журмыг танилцуулахын тулд нэгэн үйлчлүүлэгчийн утас руу залгатал, дуудлагыг шууд таслав. Хэсэг хүлээж байгаад дахиад хэдэн удаа залгасан боловч утсаа огт авсангүй. Харин “Яаралтай зүйл байвал мессэж бичнэ үү” гэсэн мессэж ирэв. Би тэр даруй нь “Ард Кредит ББСБ-аас холбогдож байна, утсаар ярих боломж бий юу” гэж хариу илгээхэд, “Би сонсголын бэрхшээлтэй учраас утсаар ярих боломжгүй” гэсэн хариу ирсэн юм. Харилцагч, үйлчлүүлэгчдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна хэмээн огт бодоогүй учраас тэр үйлчлүүлэгчид таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ өөрийгөө зэмлэж билээ. Цаашид хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтоо сайжруулж, тэгш нийгмийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулмаар байна” хэмээн ярих Б.Барсболдыг сонсох их сайхан санагдлаа.

Харилцагч нарын хэрэгцээ, онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлэх бол бидний үүрэг юм.

Мөнхтөр ахын ачаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх бодол маань өөрчлөгдсөн. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө бусдаас дутуу гэж боддог байж магадгүй. Өөрт байхгүй зүйлийг өөрт байгаа чадвараараа бүрэн дүүрэн харуулж чаддаг мундаг хүмүүс шүү”.

Бусад байгууллагуудтайгаа хамтран эерэг бөгөөд зөв шинэчлэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж байна

зураг
 
`Ард Кредит ББСБ` ХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Номин-Эрдэнэ

“Ард Кредит ББСБ” ХК-ийн хүний нөөц, дотоод үйл ажиллагааг М.Номин-Эрдэнэ захирал хариуцан ажилладаг. Ө.Мөнхтөрийн дараа томилогдон ирсэн ч түүний талаар удирдлагуудаасаа дуулсан байв.

Ө.Мөнхтөр маань өөрийгөө дайчилж, хичээнгүйлэн ажиллаж байсан учраас Харилцагчийн үйлчилгээний Төвд үндсэн ажилтнаар жинхэлж, цаашлаад Зээлийн мэргэжилтэн болж дэвшиж чадсан юм. Бусад хүмүүсийн адил сонгон шалгаруулалтад оролцож, өөрийн ур чадвараараа тэнцэж чадсан мундаг залуу. Одоогийн байдлаар “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-д нийт дөрвөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байна. “Ард Кредит ББСБ” ХК зээлийн мэргэжилтэн нэг (харааны бэрхшээл), “Ард Даатгал” ХК даатгалын менежер нэг (харааны бэрхшээл), “Ард Санхүүгийн нэгдэл” ХК маркетингийн менежер нэг (харааны бэрхшээл), туслах ажилтан нэг (тулгуур эрхтний бэрхшээл).

Харааны бэрхшээлтэй иргэдийг таатай орчинд ажиллуулахын тулд тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа. Тухайлбал Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран ажлын байрны орчинд үнэлгээ хийх, дотооддоо болон харилцагч байгууллагуудын ажилчдад зориулсан хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт өгөх сургалт, семинарыг идэвхтэй зохион байгуулж байна.

зураг
 
`No One Left Behind, together` гарын авлагаа гартаа барин нүүр дүүрэн инээмсэглэн зогсох М.Номин-Эрдэнэ захирал

Ард Кредитийн хувьд харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, зохистой ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд 2021 онд JCI Централ салбар байгууллага, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран “Хэн ч ард хоцрох ёсгүй. Хамтдаа буюу No One Left Behind, together” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайн төслөөр бид бүрэн хараагүй болон сул хараатай залуусыг ажлын байрандаа дадлагажуулан сургаж, Ард Аппын бүтээгдэхүүн, үйлчилгээний цэсүүд болон Ardholdings.com вебсайтыг бүрэн хараагүй болон сул хараатай хүмүүст хүртээмжтэй болгох, Хувьцаа эзэмшигчдийн хурлаа дохионы хэлмэрчтэйгээр зохион байгуулах зэрэгт ахиц гаргаж чадсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахад байгууллагын зүгээс анхаарах зүйл, шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүн зэргийг тусган оруулсан гарын авлагыг бүтээсэн ба цаашид олон байгууллагуудад таниулан түгээхээр зорьж байна.

М.Номин-Эрдэнэ захирал: “Мөнхтөр манайд ажиллаж эхэлсэн цагаасаа хойш залууст өөрийнхөө төлөө хичээж хөдөлмөрлөвөл амжилтад хүрч болдгийг олон талаар харуулсаар байна. Миний харж буйгаар түүний нөлөөлөл зөвхөн компани дотроо биш хөгжлийн бэрхшээлтэй олон зуун залууст өөртөө итгэлтэй байх, ирээдүйнхээ эзэн байх урам зориг, итгэл найдвар болоод зогсохгүй ажил олгогч нарын хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болж байгаа юм.”

***

Хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан хамт олон байгууллагадаа хэрхэн эерэгээр нөлөөлж буй сайн жишээг нийгэмд түгээн дэлгэрүүлж буй “Ард Кредит ББСБ” ХК нь харааны бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж эхэлсэн цагаасаа хойш харилцагч байгууллагуудтайгаа хамтран бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх үр дүнтэй бодит ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. DPUB2 төслийн хүрээнд хэрэгжиж буй “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа олон олон харааны бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломж олгож, Монголын нийгэмд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлэх их үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

Байгууллагын мэдээлэл: 

Байгууллагын нэр

Ард кредит ХК

Үйл ажиллагаа

Банк бус санхүүгийн байгууллага

Нийт ажилтны тоо 
(Ард Санхүүгийн Нэгдэл)

Ойролцоогоор 300 хүн

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо
(Ард Санхүүгийн Нэгдэл)

4 хүн (Харааны бэрхшээл, тулгуур эрхтний бэрхшээл)

Ажилтны тоо
(Ард Кредит ББСБ ХК)

Ойролцоогоор 30 хүн

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо
(Ард Кредит ББСБ ХК)

1 хүн (Харааны бэрхшээл)

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон шалтгаан

Тогтвортой хөгжлийн зорилтууд болох “Тэгш бус байдлыг бууруулах”, “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих” бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх үүднээс харааны бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах болсон

Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

  • JCI Централ салбар байгууллага, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо зэрэг байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхэлж буй орчныг сайжруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжсэн төрөл бүрийн төсөл, арга хэмжээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт
  • Мэдээллийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222