Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Тавантолгой төмөр зам" компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж АТГ-аас шалгаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 "Тавантолгой төмөр зам ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлаар Авлигатай Тэмцэх Газраас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлууд дээр АТГ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгалтын тодорхой ажиллагаануудыг явуулсан тухай тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ.

Тэрбээр "Дээрх шалгалтын ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлийг үндэслэн 33 объектод нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд дөрвөн этгээдийг баривчилсан.

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас шалгаж байгаа албан тушаалтнууд болон нэгжлэг хийж, нотлох баримтууд хураан авсан объектуудын тухай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Мөн өчигдрийн нэгжлэг хийсэн объектуудаас хураан авсан нотлох баримтуудад үзлэг хийх, нотлох баримтуудад тооцуулах ажиллагаа хийгдэнэ.

Хэдийгээр "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал нь одоогоор гадаадад байгаа ч мөрдөн шалгах ажиллагаа бол тасралтгүй явах ёстой. Түүнээс биш хэн нэгнийг хүлээх асуудал байхгүй бөгөөд нотлох баримтуудыг шаардлагатай газруудаас нь хураан авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ" гэв.