Ирээдүйд ямар мэргэжил, ур чадварууд хамгийн эрэлттэй байх бол? Түүний шалтгаан юу байх вэ?
Бид зөвхөн ойрын ирээдүйг эвсэл таамаглаж болохуйц ирээдүйг л төсөөлж чадна. Гэвч ирээдүйг таамаглах боломж технологийн хөгжлийн хурдтай холбоотойгоор улам л хумигдсаар байна. Жил хүрэхгүй хугацааны дараа танилцуулагдах утасны шинэ загвар хэрхэн өөрчлөгдөхийг тааж чадахгүй болж байна.
Америкийн Хөдөлмөрийн яамнаас жил бүр “Ойрын 10 жилд хамгийн их эрэлттэй байх чухал мэргэжлүүд, “Шинээр үүсэх өндөр магадлалтай ажлын байрнууд”, “Хамгийн их мэргэжилтэн дутагдах салбар”, эсвэл “Хамгийн өндөр цалинтай ажлын байрууд” гэх мэт олон жагсаалтыг гаргадаг (https://www.bls.gov/ooh/). Гэвч энэ таамаглал тухайн улс орны хувьд л үнэн байх магадлалтай. Мөн ажил мэргэжлийн тодорхойлолтууд байнга л өөрчлөгдөж, зарим мэргэжлийн зарим ажил үүрэг алга болж, зарим нь шинээр нэмэгдэж байна. Тиймээс эрэлттэй мэргэжлийн тухай ярих нь ойрын хугацаанд ажлын зах зээлд гарах гээгүй хүмүүс буюу их сургуулийн өмнөх насныханд хамаатуулах нь жаахан тохиромжгүй юм.
Te3 буюу The Essential Engineering Education сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш Б.Билгүүн
Миний бодлоор, ямар ч ажлын талбарт очсон бай түгээмэл шаардагддаг ур чадваруудын тухай ярилцах нь зөв гэж бодож байна. Энэ сэдэв одоо ажил хийж байгаа, карьераа өсгөх хүсэлтэй, ажил, мэргэжлээ солих гэж байгаа, их дээд, дунд сургуулийн аль ч насныханд хамааралтай. Мөн мэдээллийн технологийн салбарын хувьд мэргэжлээс илүү аль төрлийн хатуу чадвар (hard skill)-тай вэ гэдэг дээр илүү их анхаарал тавьдаг болсон. Жишээ нь, “Программ хангамжийн инженер авна” гэдэг зард ямар технологи дээр, яг юу хийхийг тодорхой бичих ёстой гэж үздэг. Учир нь энэ мэргэжил дотроо их олон задардаг бөгөөд инженер бүр өөр өөр технологи дээр мэргэшсэн байдаг. Мөн олон төрлийн технологийн боломж, сонголтууд гарч ирсэнтэй холбоотойгоор инженерүүдийн суралцах чадварыг илүүтэйгээр хардаг болсон.
Ур чадваруудын хувьд, 2022 оны байдлаар дэлхийн эдийн засгийн форумаас дараах чадваруудыг ойрын ирээдүйд ихээр үнэлэгдэнэ гэж жагсаасан байна.
Эдгээр ур чадварт хүмүүс хэзээнээс суралцаж эхэлбэл тохиромжтой вэ? Сурахаас хоцрох гэсэн ойлголт байх уу?
Ур чадварууд хүний амьдралынх туршид бий болж, бүрэлдэж байдаг. Жишээлбэл, дээрх зурагт дурдсан “reasoning” гэдэг нь учир шалтгааны шинжилж, тайлбарлах ур чадвар юм. Энэ чадварт хүүхдүүд багаасаа л зөнгөөрөө суралцаж эхэлдэг. Жишээ нь, 4 настай хүүхэд аавдаа өөрт нь яагаад зайрмаг авч өгөх ёстой талаар тайлбарлаж болно. “Би авмаар байна” гэхийн оронд, “Та надад зайрмаг авч өгвөл би таны үгэнд орно шүү” гэх мэтээр зөвшилцөж байгаа нь энэ төрлийн чадвар хөгжиж буйн илрэл.
Гэвч бүх зүйлийг “зөнд” нь хаяж болохгүй учир эдгээр чадваруудыг академик аргаар системтэй хөгжүүлэх нь зүйтэй. Суралцаж эхлэх хугацааны хувьд бүр бага наснаас нь гаргасан стандартууд байдаг. Өөрөөр хэлбэл, бүх ур чадваруудыг амархнаас нь хэцүү хүртэлх түвшинд хувааж, улмаар дэс дараалалтайгаар заах учиртай.
Суралцахаас хоцорно гэсэн ойлголт байгаа. Хүний суралцах чадамжийн Fluid IQ буюу шингэн IQ гэж нэрлэдэг зүйл багасах тусам нарийн төвөгтэй ойлголтуудыг сурах хугацаа нь уртсаж зарим хэт ярвигтай зүйлсийг хэзээ ч сурч чадахгүй байх тохиолдол ч байдаг. Хүний шингэн IQ ойролцоогоор өсвөр нас дуусахад оргилдоо хүрч түүнээс хойш тогтмол багасаж байдаг. Тиймээс суралцах чадвартай байгаа дээрээ буюу бага насан дээрээ л суралцах ёстой. Нэг ийм үг байдаг. Хүүхдийн тархи бол аяга таваг угаадаг порлонтой ижил. Тэд маш их шингэнийг буюу мэдлэгийг шингээж чаддаг. Гол нь насанд нь тохирсон, шингээж авах боломжтой мэдлэгийг системтэйгээр, тасралтгүй өгөх ёстой.
Те3 сургалтын төвийн хүүхдүүд өөрсдийн бүтээсэн зураас дагаж явдаг роботоо туршиж байна
Олон улсад эдгээр ур чадварыг олгох хичээлийг хэзээнээс зааж эхэлдэг юм бол?
Боловсролын систем нь сайн хөгжсөн улсуудад яль насанд ямар ур чадварыг эсвэл тухайн ур чадварын аль хэсгийг заахыг стандартчилж, харуулсан байдаг. Жишээ нь, шүүмжлэлт сэтгэлгээний 7 үндсэн чадварыг хэрхэн олгохыг цэцэрлэгээс нь авхуулаад 12-р анги хүртэл нь стандартчилсан байдаг. Гэхдээ, энэ стандартчилал сайн судалгаан дээр үндэслэж хийгдэх учиртай.
Б.Билгүүн багш дэлхийн топ 100 сургуулийн нэг болох Австралийн Күийнслендийн Их сургуулийг Компьютер болон цахилгааны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн бөгөөд Австралийн бага сургуулиудад багшилж байсан туршлагатай
- Монголд эдгээр чиглэлээр сургалт хийж байгаа бага, дунд сургууль бий юу?
Мэдэхгүй юм. Сая хэлсэнчлэн, судалгаан дээр үндэслэн стандартыг бий болгох ёстой. Би тийм судалгаатай танилцаж байгаагүй болохоор, тийм судалгаа хийдэг тогтолцоо байдаг эсэхийг мэдэхгүй учраас асуултад хариулж чадахгүй нь.
- “Кодинг заана” гэсэн сургалт койны давлагаа шиг олон болж байх шиг. Энэ чиглэлийн сургалт орж буй газруудын сургалтын хөтөлбөртэй танилцаж үзсэн үү?
Би энэ чиглэлийн сургалтын бизнес эрхэлдэг учраас бусдын сургалтын сурталчилгааны текст, хичээлийн агуулга, хөтөлбөрүүдийг үргэлж сонирхон судалдаг. Харамсалтай нь сайн хөтөлбөр, стандарттай таараагүй. Тиймээс, бид өөрсдийнхөө сургалтын төвийн сургалтын хөтөлбөрийг стандартжуулах, олон улсын жишигтэй нийцүүлэх ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ ажилд ноён оргил гэж үгүй, сайжруулах зүйл хязгааргүй их байна. Ер нь боловсролын стандартыг тасралтгүй шинэчилж сайжруулж байх ёстой. Эс бөгөөс хоцрогдоно.
- Эцэг эхүүд сайн сургалтыг олж сонгохын тулд юуг мэддэг байх ёстой вэ?
Монголын боловсролын систем уналтад орж, Монгол хүүхдүүдийн ур чадвар олон улсын дундаж үзүүлэлтээс улам доогуур бичигдэж байна. Салбарын сайд нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн энэ нөхцөлд ёстой л “Амь амиа бодоорой” буюу эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө анхаарал хандуулах цор ганц сонголт л үлдсэн. Энэ сонголтоо зөв хийж чадахгүй, хуримтлуулсан хэдэн төгрөгөө буруу сургалтад үрж байгааг харах үнэхээр харамсмаар санагддаг. Тэд маркетингийн “үлгэр”-үүдэд итгэн сохроор сонголт хийгээд байгаа нь анзаарагддаг. Үүний уршгаар, эцэг эхчүүд зөвхөн мөнгөө үр дүнгүй үрээд зогсохгүй хүүхдийнхээ цагийг гарздаж, сурч, мэдэх эрмэлзлийг нь мохоож, цаашилбал ирээдүйг нь баллаж байж ч мэднэ. Би тэдгээр эцэг эхүүдэд дараах 6 зөвлөгөөг өгөхийн хүсдэг.
Хүүхдэдээ сайн сургалт сонгохын тулд юу хийх ёстойг ЭНД дарж уншина уу.
- Хүн болгон кодинг гээд жаахан туйлшраад байх шиг. Дээр дурдсан эрэлттэй мэргэжил, ур чадварын суурь нь, шийдэл нь кодинг дангаараа мөн үү?
Дээр дурдсан суурь чадваруудыг хөгжүүлэх олон арга бий. Кодчилол бол тэдгээрийн зөвхөн нэг нь. 1965 онд Гордон Муур Электроникийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 10 жилийн дараах компьютерын үзүүлэлтийг яг тааварлаж дэлхийг шуугиулж байв. Компьютер, технологийн хөгжил маш хурдацтай, таамаглахын аргагүй өөрчлөгдөж байхад түүнийг таана гэдэг Вангагийн зөгнөлөөс ч хэцүү гэж би боддог. Гэвч энэ бол таамаг төдийн биш тооцоон дээр үндэслэсэн “хууль” байсан юм. “Муурийн хууль”-р бид хоёр жил тутам электроник төхөөрөмжийн транзисторын тоо хоёр дахин нэмэгдэнэ, мөн бид хоёр жил тутам электроникийн төхөөрөмжийг үйлдвэрлэх үнэ хоёр дахин буурна гэж үзсэн. Энэ нь товчхондоо хоёр жил болгоны дараа бид хоёр дахин илүү хүчтэй төхөөрөмжийг хоёр дахин бага үнээр авдаг болно гэсэн үг. Иймээс компьютерын автоматжуулалт энэ жил үнэтэй байж болох ч ирэх жил эсвэл дараа жил нь заавал ч үгүй хүний ажлын орлох л болно. Тиймээс дэлхий тэр чигтээ комьютерчлэгдэх нь гарцаагүй бөгөөд тоон технологи давамгайлах нь тодорхой болсон. Гэвч энэ бол өрөөсөн далавч л гэсэн үг. Тоон технологиос гадна, инженерчлэл байхгүй бол бараг бүх зүйлс оршин тогтнож чадахгүй. Ганц далавчтай шувуу нисэхгүй, нэг далавч нь нөгөөхөөсөө том шувуу ч нисэхгүй. Жишээлбэл, тог цахилгаангүй бол дэлхийн хамгийн хүчтэй компьютер байлаа ч талхны ганпанзнаас дээрдэх зүйлгүй.
Тиймээс нийгэм баланстай хөгжих учиртай. Ганц кодинг бүх зүйл биш. Үүний доор суурь чадварууд чухал. Дээр дурдсан бүх чадваруудын суурь нь логик, хийсвэр сэтгэлгээ хоёр юм. Логикийг маш товчхондоо “дотоод зөрчилдөөнгүй зөрчил” гэж тодорхойлж болно. Дотоод зөрчилдөөнтэй бол ямар ч зүйл ажиллахгүй. Энэ зүйлийг хийсвэр сэтгэлгээтэй хослуулснаар бид танин мэдэхүйн маш том зэвсэгтэй болж, одоо байхгүй зүйлийн загварыг гаргаж, түүнийгээ бодитоор зохион бүтээдэг. Энэ хоёрыг орчин үеийн танин мэдэхүйн суурь үндэс гэж би боддог. Энэ хоёр дээр байгалийн шинжлэх ухаанууд хөгждөг.
Байгалийн шинжлэх ухаан дангаараа хүний амьдралд бодит нөлөө үзүүлдэггүй. Хэрэглэгддэггүй мэдлэг л болон үлдэнэ. Байгалийн шинжлэх ухааныг хүний амьдралд бодит нөлөөлөлтэй болгож, мэдсэн мэдлэгээ “жинхэнэ үнэ цэнэ” болгохыг инженерчлэл гэдэг. Товчхондоо инженерчлэл бол мэдлэг амьдрал хоёрыг холбогч гүүр юм. Тиймээс бид инженерчлэлийн суурь ойлголтыг их сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд тэгш баланстайгаар олгодог.
Орчин үед технологи хөгжсөнөөр, хүүхдүүдэд олон зүйлийг ойлгуулах боломжтой болсон. Жишээлбэл, хүүхдэд атомын бүтцийн тухай багш нь самбар дээр зурж, тайлбарлах үед сурагчид 2 хэмжээст зургийг хараад толгойдоо хөдөлгөөнтэй загвар бүтээх ёстой болдог байх. Энэ нь сурагчдаас ихээхэн хүчин чармайлт шаарддаг. Түүний оронд, өнөөдрийн технологийн дэвшлийг ашиглаад атомын тухай анимэйшн бичлэг үзүүлэхэд хүүхдүүд маш хурдан ойлгож авна. Орчин үеийн технологийн боломжийг ашигласнаар өнөөгийн хүүхдүүд өмнөх үеийн хүүхдүүдээс хэд дахин их зүйлийг маш бага хугацаанд суралцах боломжтой болсон.
ТИЙМЭЭС СУРАХАД ХЭЗЭЭ Ч ОРОЙТОХГҮЙ БИШ ЭРТДЭХГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ НЬ ИЛҮҮ ҮНЭНД НИЙЦНЭ.
Те3 сургалтын төвийн төгсөгчид
- Энэ ур чадварыг олгох багшлах боловсон хүчин Монголд хангалттай байна уу?
Монгол улс багшийн дутагдалд бүх шатандаа орсон гэдэг мэдээлэл уншсан. Гэвч амьдрал дээр ямар ч зүйл хэзээ ч төгс хангалттай байдаггүй. Тиймээс, бид байгаа боломжоо хамгийн зөв хувилбараар ашиглаж, суралцах ёстой. Үүнээс өөр сонголт үгүй.
- Монголд хийгдэж буй сургалтуудын төлбөр олон улсынхтай харьцуулахад хэр вэ?
Нийт хөтөлбөрийн хувьд, бүрэн судалж үзээгүй учир тодорхой дүгнэлт хэлж чадахгүй байна. Гэвч бидний мэдээлэл зүй болон технологийн мэдлэг маш их хоцрогдолтой байгааг баттай хэлж чадна. Ганцхан жишээ хэлэхэд, мэдээлэл зүйн хичээлийн хувьд, төгсөх ангийн Монгол хүүхэд Австралийн бага ангийн хүүхэдтэй ижил хичээл үзэж байгаа.
Та 8-12 насны хүүхдүүдэд инженерчлэл, кодчлол буюу программчлал, электроник болон роботикийн мэдлэг олгодог Т3 буюу The Essential Engineering Education сургалтын төв дараах 2 сургалт дээрээ эртэч шувуухайн үнэ гаргасан байгаа тул амжиж бүртгүүлээрэй.
Электроникийн анхан шатны мэдлэг олгох сургалт
Орчин үеийн компьютер технологийн үндэс болсон дижитал электроникийн суурь ойлголт, бичил компьютер дээр хэрхэн ажиллах, бичил компьютерыг хэрхэн программчлах, бичил компьютероор микро электроникийн төхөөрөмжүүдийг удирдаж сурах, орчин үеийн цахилгаан тоног төхөөрөмжийн мэдрэгч, тооцоолол зэргийг судлахаас гадна утасгүй холбоо, антенна технологийг ашиглаж сурна.
Python хэл дээр тоглоом зохиох сургалт
Дэлхий хэрэглээгээрээ тэргүүлж буй Python программчлалын хэлийг ашиглан бидний сайн мэдэх , тоглож өссөн хуучны гайхалтай тоглоомын дахин бүтээх замаар богино хугацаанд программчлалын суурь мэдлэгийг олгоно.
Те3 сургалтын төв
Фэйсбүүк хуудас: www.facebook.com/TEEEducation
Утас: 90806161
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!