Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Андроид гар утсанд кодгүйгээр нэвтрэх боломжтойг илрүүлсэн судлаачийг Google компани $70,000-аар шагнажээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Google компанийн Google Pixel ухаалаг гар утсанд кодгүйгээр нэвтрэх аргыг санамсаргүй илрүүлсэн судлаач тус компаниас $70,000-ын шагнал хүртжээ.

Унгарын мэргэжилтэн Дэвид Шуц илрүүлсэн алдаагаа бусдад зарлалгүйгээр шууд Google компанид мэдэгдсэн юм байна. Түүний харьцангуй амархан илрүүлсэн алдааг Google компани таван сарын хугацаанд засварлаж дуусаад сая олон нийтэд зарлажээ.

Шуц нэвтрэх кодыг нь мэдэхгүй бусдын Pixel брэндийн гар утсанд өөрийн SIM картыг сольж хийсний дараа PUK кодоо оруулахад дэлгэцийн цоож давхар нээгдэж байгааг илрүүлсэн юм байна.

PUK код нь SIM картны PIN кодыг гурван удаа буруу оруулахад нэхдэг нэмэлт хамгаалалтын код юм.

Шуц илрүүлсэн алдаагаа нийтэд зарлалгүйгээр Google компанийн Android систем хөгжүүлэлтийн албанд мэдэгдсэн тул шагнал авах болзол хангажээ.

Google компани Андроид системтэй гар утасных нь дэлгэцийн түгжээг код оруулалгүй нээх аргыг илрүүлээд бусдад задруулалгүйгээр шууд мэдээлсэн судлаачдад $100,000 хүртэл шагнал олгодог журамтай юм.

Шуцын илрүүлсэн алдааг 2022 оны арван нэгдүгээр сарын 5-нд гаргасан Android 10-аас Android 13 хүртэл системийн хувилбаруудтай гар утаснуудын программын шинэчлэлттэй цуг засварлажээ.

Дэвид Шуцын илрүүлсэн алдааны тухай видео танилцуулга:

Эх сурвалж: Tech Crunch